
Ираны нефтийн орлогын 44 хувь нь гадаадын банкуудад хадгалагдаж байгаа ба одоо тэд эдгээр мөнгийг авч чадахгүй байна. АНУ-ын нэрээ нууцалсан нэг эх сурвалж энэ тухай Associated Press агентлагт ярьжээ.
АНУ-ын эрх баригчид тоолсноор, энэ жилийн эхний хагаст Тегеран нефтийн экспортоосоо сард 3,4 тэрбум доллар авч байсны 1,5 тэрбумыг нь худалдан авагчид гадаадын банкны дансанд нь оруулсан байлаа. Харьцуулбал, Иран 2011 онд нефтиэс сардаа найман тэрбум доллар авч байжээ.
Ираны гадаад худалдааны эргэлтийг импорттой нь хамт дүгнээд Тегераны орлогын тал хувь нь битүүмжлэгдсэн гэх дүгнэлтийг АНУ гаргалаа.
Түүхий эдээ худалдсан мөнгөний урсгалыг нь хаах зорилгоор АНУ энэ жилийн хоёрдугаар сард Исламын орны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авсан юм. Хорионд орсон мөнгөөр Иран хорионы жагсаалтын биш бараа, мөн хүмүүнлэгийн тусламжийг худалдан авч болох ажээ. Вашингтоны хоригийг дэмжээгүй импортлогч орнуудыг АНУ-ын санхүүгийн системээс гаргана гэж АНУ сануулсан байгаа. Гэхдээ тэд энэ сануулгаа Хятад, Энэтхэгт хийгээгүй. Тэднийг худалдаагаа багасгана гэж найдаж байгаа.