“Улаанбаатар метро” төслийн судалгаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар метро” төслийн судалгаатай танилцав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Улаанбаатар  метро" төслийн  судалгааны тайланг хэлэлцлээ. Нийслэлд нийтийн тээврийн метро барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд "Улаанбаатар метро" төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Метро байгуулснаар эдийн засагт шууд бусаар олон үр дүн, өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хүртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1300 га талбайг дахин хөгжүүлэх боломжтой. Давхруудын нийт талбайг 850$/м2 гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болно. Үүнийг дагаад 156 мянган ажлын байр шинээр бий болж, улсад хуримтлагдах татвар нэмэгдэнэ. Өртөө орчмыг хөгжүүлэх хүрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц барина. Иргэд автобусаар 45 минут явдаг газар 15 минутад очдог болно. Төвийн дүүргүүдийн түгжрэл багасч, хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурч, хурд 25 хувиар нэмэгдэнэ. Автомашины ослын тоо буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийгмийн зардал багасах юм.

"Улаанбаатар метро" төслийн судалгааны тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нарийвчилсан судалгааг 2015 онд багтаан дуусгах шийдвэр гаргалаа.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж