
Өнгөрсөн долоо хоногт телевиз болон сайтуудаар Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийг нэгэн хүлээн авалтан дээр бүжиглэж байгаа бичлэг цацагдсан билээ. Нөгөө Д.Медведев чинь “бүжигчин” байж. Хөлний уян налархай хөдөлгөөн, гарны савалт гээд үнэхээр сайн бүжиглэж байсан шүү. Гэвч түүний талаар Оросын эрх баригчид “Олон нийтийн өмнө буруу үлгэр дууриалал үзүүллээ. Төрийн тэргүүн хүн энэ мэт үйлдэл хийх нь дотоод болон гадаадад гутамшигтай үлгэр жишээ мөн. Тиймээс тэрбээр ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг дахин авч хэлэлцэнэ. Магадгүй сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасч болно” гэжээ. Харин Дмитрий Медведев “Twitter” блог дээрээ “Бид их сургуулийнхаа найзуудтай сайхан бүжиглэж, бут авсан” хэмээн бичжээ.
Д.Медведевийн талаар олон улсын ажиглагчид янз бүрийн дүгнэлт хийж байна. Түүнийг Владимир Путины дараагийн халаа сэлгээ гэж нэг хэсэг нь үзнэ. Эсвэл В.Путины гарын аясаар улс төрийн үйл хэргээ явуулдаг гэх нь бий. Нэг болохоор хоёулаа нийлчихсэн инээлдэж байгаа харагдах нь олон нийтэд таалагдаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Яг л оньсого мэт сонин улс. Олон нийтийн дунд “В.Путин Д.Медведевийг удирдаж байгаа. Тиймдээ ч 2012 оны сонгуулиар дахин нэр дэвших талааар яриа гараад байгаа” гэсэн ойлголт түгээмэл байна.
Дмитрий Медведев 2008 оны тавдугаар сарын 7-ны өдөр 71.25 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харин Владимир Путин 2000 онд нийт сонгогчдын 72 хувиын саналыг авч, Борис Ельцний албыг залгамжилж байсан түүхтэй. Харин сүүлийн үед Оросын ард түмэн Д.Медведевт итгэл алдрах болсон. Учир нь өнгөрсөн долоо хоногт түүний бүжиглэсэн ая нь 1990 онд хит болж байсан Оросын “Комбинация” хамтлагийн “Америк залуу” гэдэг дуу.
Дэлхий дахинд Ерөнхийлөгч нар хачин жигтэй бүжиглэж байсан тохиолдол цөөнгүй бий. АНУ-ын Ерөнхийлөгч “Эллен” шоу нэвтрүүлгийн эхэнд Беонсигийн аянд бүжиглэж байсан. Мөн Жорж Буш Африкийн холбооны тэргүүн нарын уулзалт дээр бүжиглэж байсан. Тэр ч бүү хэл Борис Ельцин хүртэл 1996 онд нэгэн хүлээн авалтыг будаа болгож байв. Өмнө нь 2008 оны зуны Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ц.Элбэгдорж, С.Баяр нар олны өмнө гарч, ард түмэнтэйгээ “танец” үсэргэсэн нь хамгийн ойрын жишээ. Энэ мэтчилэн Эрх баригчид иймэрхүү ааш аяг гаргаж байхад ямар нэгэн арга хэмжээ авах талаар хэн ч дурсаж байгаагүй. Харин Дмитрий Медведев “Америк залуу” гэдэг дуун дээр бүжиглэснээр шалтаглан буруутгаж, сонгуульд нэр дэвших эрхийн талаар ярилцана гэсэн нь нэлээд анхаарал татаж байна. Гол учир нь үүний цаана Владимир Путины дараа жил нэр дэвших гээд байгаа гэсэн хардлага, ний нуугүй төрүүлээд байгаа юм. Саяхан Владимир Путинг “Хокейг мэргэжлийн тамирчин шиг тоглож байна” хэмээн олон нийтэд пиардаад байсан. Анх 2001 онд түүнийг хокей сайн тоглодоггүй гэх мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэж байсан юм. Энэ бүхнээс дүгнэхэд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа хэдийнэ эхэлж, өөрийнхөө пиарыг сайн хийж байгаа бололтой.
Олон улсын ажиглагчид “Ер нь аль ч улсын Ерөнхийлөгч олон нийтийн өмнө чөлөөтэй байснаараа ард түмэнтэйгээ ойртож чаддаг. Тиймээс Оросын эрх мэтэлтнүүд Д.Медведевийг буруутгаж байгаа нь утгагүй зүйл” гэжээ. “Ерөнхийлөгч ч гэсэн хүн учраас баярлах үедээ баярлаж, бүжиглэх үедээ бүжиглэнэ. Үүнийг хэтэрхий дэвэргэх шаардлага байхгүй байлтай” хэмээн “BBC”-ийн Жонатан Бэйл хэлжээ.
ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх оны сонгуультай холбоотой урьдчилсан шатны санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнд судалгаанд оролцогсодын 53-55 хувь нь Владимир Путинг дэмжжээ. Харин Дмитрий Медведев 46-47 хувийн дэмжлэг авсан аж. Энэ дүнг олон нийтэд танилцуулснаар В.Путины сонгуулийн пиар ажиллагааны эхний үе шат хэдийнэ эхэллээ гэж таамаглаж болохоор байна. Нэгдсэн Орос улсын намын үзэж байгаагаар 2009 оны урьдчилсан санал хураалтын хувь 2007 оныхтой харьцуулхад хамаагүй буурсан байгаа талаар мэдэгдсэн. Жил ирэх тусам урьдчилсан санал хураалтад саналаа өгч буй хүмүүсийн тоо буурсаар байгаад санаа зовж байгаа талаар онцолжээ.
Хэвлэл мэдээллээр “В.Путин ирэх жил өнгөтэй байна. Д.Медведев хүчээ алдаж эхэллээ” гэх мэт гарчигтай нийтлэлүүд Оросын зарим сайтад цацагджээ. Энэ бүхэнд хариу болгож, Д.Медведев юу ч хийхгүй байгаа юм. Д.Медведевийн хэвлэлийн төлөөлөгч “Ирэх жилийн сонгуулийн талаар одоо ярихад хэтэрхий эрт байна. В.Путин дахин сонгуульд оролцох эсэх нь одоо тодорхойгүй. Энэ талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа” гэсэн нь ард иргэдийн толгойг ёстой л нэг эргүүлсэн. Ер нь 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар В.Путин дахин өрсөлдөх талаар үнэнэээсээ хэлээд байна уу үгүй юу…
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин