
Испанийн “Алтан жаал” хочит Фернандо Торрес эцсийн дүнд “Цэнхрүүд”-ийн бүрэлдэхүүнд анхны гоолоо оруулж, хүснэгтийн хоёрт бичигдээд буй “Челси”-гийн хувьд Премьер лигийн аваргын цом өргөх боломж нээлттэй хэвээр үлдлээ. Испанийн шигшээгийн хамт дэлхийн аварга болсон Торрес “Ливерпуль”-иэс 80 сая ам.доллараар “Стэмфорд Бриж”-д ирсэн ч гоолын “бараа харалгүй” 13 тоглолтыг үдсэн юм. Харин бямба гаригийн тоглолтод тэрбээр 76 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирмэгцээ төд удалгүй цэнхэр өмсгөлтэй анхныхаа гоолыг оруулсан. “Уэстхэм”-ийг талбайдаа хүлээн авсан тус тоглолтод мөн Фрэнк Лампард /43’/, Малуда /90’/ нар өрсөлдөгчийнхөө торыг хөдөлгөснөөр “Цэнхрүүд” 3:0 харьцаатай ялалт байгуулсан юм. Ингэснээр тэд 67 оноотой, лигийг тэргүүлэгч “Улаан чөтгөрүүд”-ээс зургаан оноогоор хоцорч байна. Харин 18 удаагийн аварга “МанЮ” энэ тойрогт талбайдаа “Эвертон”-г хүлээн авч, 1:0 харьцаатай хожсоноор тэргүүн байраа баталгаажуулсан. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 83 дахь минутад Хавьер Эрнандез оруулжээ. Энэ нь Чичаритогийн энэ улирлын Премьер лиг дэх 12 дахь гоол байсан бол “МанЮ”-гийн бүх тэмцээнд оруулсан 100 дахь гоол байлаа.
“Арсенал”-ын хувьд тун харамсалтай ялагдал хүлээсэн. “Болтон Вандерерс”-ын “Reebok” цэнгэлдэхэд зочилсон “Их буучид” 89 дэх минутад хаалгандаа гоол алдсанаар 2:1 харьцаатай хожигдсон юм. “Челси”-гээс зээлээр ирсэн Даниэль Старриж тоглолтын 37 дахь минутад гоолын салхийг хагалсан боловч хоёрдугаар хагас эхэлсний дараахан Робин ван Перси тооны харьцааг тэнцүүлсэн. Харин эцсийн мөчид “Болтон”-гийн израиль хагас хамгаалагч Тамир Кохен “Их буучид”-ын хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн юм. Ийнхүү ялагдсанаар Арсень Венгерийн баг ердөө дөрвөн тоглолт үлдээд буй энэ үед тэргүүлэгчдээс есөн онооны дутуу болж байна.
Премьер лигийн 34 дүгээр тойргийн дүн:
“Челси” 3:0 “Уэстхэм”
“Вулвес” 1:1 “Фулхэм”
“Тоттенхэм” 2:2 “Уэст Бром”
“Сандерланд” 4:2 “Уиган Атлетик”
“Ливерпуль” 5:0 “Бирмингэм”
“Блэкпуль” 1:1 “Ньюкасл”
“Астон Вилла” 1:1 “Стоук Сити”
“МанЮ” 1:0 “Эвертон”
“Болтон” 2:1 “Арсенал”