
БНХАУ сүүлийн үед хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч эхлээд байна. Хүүхдийн нэмэлт тэжээл, сүүн бүтээгдэхүүнээс меламин илэрч хэд хэдэн нярай хүүхдийн амь эрсэдсэн, мөн Японд хортой банш нийлүүлсэн гээд хүнс, хоолтой холбоотой дуулиан олноор гарах болсноос ийм арга хэмжээ авахад хүргэжээ. Хууль зөрчиж хортой хүнс үйлдвэрлэсэн этгээдэд цаазаар авах хүртэл ял оноох ажээ.
Уг хар жагсаалтыг өнгөрсөн бямба гаригт гаргасан байна. Хар жагсаалтад 151 нэр төрлийн бодис оруулжээ. Түүнд 47 төрлийн хүнсний зориулалтын бус бодис, 22 төрлийн нэмэлт хүнс, малын ус, тэжээлд хольж хэрэглэж үл болох 82 зүйлийн бодис багтсан байна. Жагсаалтыг БНХАУ-ын Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн яамдын сайтад байрлуулжээ.
Д.ОЮУН