
Улсын аварга тамирчдаас бүрдсэн Монголын боксын нэгдүгээр шигшээ багийнхан Европ дахь “тулаанаа” хос алтан медалиар өндөрлүүллээ. Гуравдугаар сарын сүүлээр Албаниийн Шкодра хотноо болсон “Мемориал Влажния-2011” тэмцээнээс гараагаа эхлүүлж, улмаар Польшийн Варшав хотод Феликс Штаммын нэрэмжит тэмцээн, залгуулаад Сербид “Бельградын ялагч” тэмцээнд тулалдсан Монголын ширэн бээлийтнүүд Бельградын рингнээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна. Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор манай есөн тамирчин “Belgrade Winner-2011” тэмцээнд оролцсоноос П.Сэрдамба /52 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/ нар алт, Г.Ариунболд /49 кг/, Б.Жавхлан /60 кг/ мөнгөн медаль хүртжээ. Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 52 кг-ын жинд аваргын төлөө Сербийн Ванжа Бачичийг 17:6 харьцаатай буулган авсан бол 64 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ финалын тоглолтод Унгарын тамирчин Кейт Гьюлаг 15:9 харьцаагаар илт давуу ялснаар аваргын алтан медалийн эзэн болсон байна.
Харин 49 кг-д залуу тамирчин Г.Ариунболд финалд Болгарын Георгий Андоновт 10:8 харьцаагаар, 60 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Б.Жавхлан аваргын төлөөх тоглолтод Шотландын Жош Тейлорт 11:9 харьцаагаар ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд оролцсон манай бусад тамирчдын тухайд 56 кг-д дөрөвний нэг шигшээд Э.Идэрхүү Болгарын тамирчинд, 69 кг-д Ж.Отгонжаргал Сербийн боксчинд, 75 кг-д Т.Чулуунтөмөр Унгар, 81 кг-д С.Эрдэнэбаяр Узбекистан, +91 кг-ын жинд Д.Идэрбат Энэтхэгийн тамирчинд тус тус ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
Ширэн бээлийтнүүд энэ сарын 28-нд эх орондоо ирнэ.
С.Цэлмэг