
-Салбарын алдагдал яг одоо хэр байгаа юм бэ. Алдагдлаас хэрхэн гарах вэ?
-Өнөөдрийн байдлаар 72 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай болчихоод байна. Бид дөрөвдүгээр сард гэхэд 69 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Их богино хугацаанд гурван тэрбум төгрөгийн алдагдалтай болчихлоо. Тиймээс бид үнэ тарифын шинэ зохицуулалтыг эхлүүлж, үүнээсээ ухаалаг хэрэглээг бий болгож, алдагдлаа нөхөх юм. Үндсэндээ урьд нь мөрддөг байсан олон шатлал дээр суурилагдсан цахилгааны төлбөр тооцоог өөрчилж, шинэ тогтолцоонд шилжлээ. Ингэхдээ айл өрхийн хувьд шөнийн болон цагийн тооцооллын аргачлалыг болиулж, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компаниудын төлөх хураамжийг 20-30 хувиар нэмсэн юм. Айл өрхийн сарын 150 кв/цагийн хэрэглээ79 төгрөгөөр тооцох, 150-аас дээш бол 96 төгрөг 60 мөнгөөр тооцно. Дулааны үнийн тарифийг нэмээгүй ч суурь үнэтэй болгосон. Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000, 40-80 мквбол 5000, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөх юм. Дөрвөн улирлын туршид хэрэглээний халуун усаар хангахын тулд суурьүнэтэй болох хэрэгтэй л дээ.
-Цахилгаан, дулааны үнийг тодорхой хэмжээгээр нэмэхэд иргэд, байгууллагаас гомдоллож байна уу. Айл өрхийн хувьд цахилгаанаа шөнөөр хөнгөлөлттэй үнээр ашигладаг байсан нь больчихлоо?
-Энэ шийдвэрийн үр дүн өгч эхлэх үе нь мэдээж цахилгаан, дулааны хураамжаа төлөх сарын эцсээр гарна л даа. Одоохондоо айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гомдол ирээгүй. Ер нь айл өрхийн хувьд 150 кв/цаг гэдэг нь дундаж хэрэглээ бөгөөд 79 төгрөг нь ч дундаж төлдөг тариф байсан юм. Тийм болохоор шөнийн болон цагийн тарифын хөнгөлөлтийг байхгүй болгож, орон сууцны, гэр хорооллын ялгаагүй нэг үнийн тарифийг мөрдөх нь сардаа хэдэн төгрөгийг цахилгаандаа төлөөд байгаагаа ялгахгүй байдлыг засч, хүмүүсийг төөрөгдүүлэхгүй. Ер нь тогтмол бус, будилуулдаг тарифын аргачлалыг олон жил мөрдөж ирсэн. Ингээд байцаагч нар цахилгааныг буруу, зөрүү бичээд эргээд иргэд гомдол гаргадаг байсан бол энэ асуудал цэгцэрнэ л дээ. Байгууллагуудын хувьд ухаалаг хэрэглээг хэвшүүлэх буюу цахилгаанаа үр ашигтай зарцуулахын тулд үнийг нь нэмлээ. Байгууллагууд бол цахилгааныг дэндүү хямд үнээр ашиглаж байгаа шүү дээ. Олон цагаар машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулдаг хэрнээ хураамж бага өгч, түүндээ ажрах ч үгүй, цахилгааныг хэрэгцээгүйгээр их ашиглах нь бий. Тиймээс улс орныхоо эрчим хүчний хэрэглээг бодсон ч тэр илүүдэл цахилгааныг хэрэгтэй байгаа газарт нь хуваарилсан нь зөв л дөө.
-Дулааны суурь үнэ төлдөг болсонд зарим иргэд дургүйлхэж байгаа?
-Дулааны хувьд, есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Орон сууцны айлууд зуны хугацаанд халуун ус л хэрэглэдэг. Ингэхдээ үнэгүй хангагддаг. Цахилгаан станц дулаан үйлдвэрлэж, хэрэглээний халуун усаа нийлүүлж байна. Тэгвэл энэ зардлыг нөхөх зорилгоор суурь үнэ тогтоох хэрэгтэй болсон.
-Айл өрхийн цахилгааны үнийн тариф дундаж үнэ гэх ч өвлийн цагаар айлууд тенн ашиглаад цахилгааны хэрэглээ хэд дахин ихэсдэг шүүдээ. Тэгэхээр 150 кв/цагаас их л болж таарах нь?
-Өвлийн гурав, дөрвөн сард л ийм тал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ олон жилийн дунджаар айл нэг тенн залгаад 150 кв/цагаас давдаггүй.
-Ухаалаг хэрэглээ гэх энэ шинэ зохицуулалтаар хэзээ энэ их алдагдал хэзээ барагдах бол?
-Ингээд ухаалаг хэрэглээнд шилжсэнээр 2014 оны эцсээр эсвэл 2015 оны эхээр эрчим хүчний салбарын алдагдлыг бүрэн барагдуулах боломжтой. Аж ахуйн нэгж, байгууллагуудын болон эрчим хүчний салбарын гинжин урвалд орчихсон алдагдлыг тэглэх боломжтой юм.
-Одоогоор бид хэдий хэмжээний эрчим хүч хэрэглэж байна вэ. Түүнийг импортоор болон дотоодоосоо хэрхэн хангаж байгаа вэ?
-Бид жилдээ оргил үедээ 870 гаруй мегаватт цахилгаан ашиглаж байна. Үүний 120-130 мегаваттыг гаднаас авч байна. Энэ дунд дөрөвдүгээр цахилгаан станц 560 мегаватт үйлдвэрлэдэг. Бусад нь хоёр, гуравдугаар цахилгаан станц болон бусад орон нутагт байгаа цахилгаан станц, Ньюком группын салхин станц нийлээд бүрдүүлж байгаа.
-Одооны хэрэглээгээр хэвээрээ байх бол эрчим хүчний доголдолд орох гээд байна гэдэг. Хэдий хэмжээний эрчим хүч хэрэгтэй байна вэ?
-Эрчим хүчний хэрэглээ жил бүр 10-13 хувиар өсч байна. Тиймээс Засгийн газраас эх үүсвэрүүдийг нэмэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил хийж байгаа. Тавантолгой, Амгалангийн дулааны станц, салхин, тавдугаар цахилгаан станц ашиглалтанд орсон. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 100 мегаваттаар нэмэгдүүлэх ажил 2015 онд дуусах байх. Гуравдугаар цахилгаан станц дээр 50 мегаватт хүчин чадалтай турбиныг нэмнэ гэхээр ойрын хоёр жилийн дараа 1000 гаруй мегаватт цахилгааны эх үүсвэртэй болчих юм. Ингээд өөрсдийн дотоод нөөц, бололцоогоороо өргөтгөөд байгаа ашиглахаар жилээс жилдээ 12-13 хувиар нэмэгдээд байгаа эрчим хүчний хэрэглээгээ барьчихаар хүчин чадал л даа.
-Цахилгаан станцууд байсхийгээд л гэмтэл гарлаа гээд тос тасардаг. Асуухаар иймэрхүү гэмтэл байнга гардаг л гэдэг. Яг одооны байдлаар цахилгаан станцуудад эвдрэл, гэмтэл бодит байдал дээрээ ямар байна вэ?
-Одооны цахилгаан станцууд маань технологийн хоцрогдолтой, насжилт өндөртэй техник хэрэгсэл л дээ. Эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэдэг техник, тоног төхөөрөмж эд анги л болсон хойно эвдэрнэ. Урсгал болон их засварт их хөрөнгө шаарддаг. Нэг үеэ бодвол хэрэгтэй турбин гэх зэргээ шуурхай засах боломжтой болсон. Зөвхөн эвдрэл гэхгүй, нийтдээ өвлийн бэлтгэлтээ зориулдаг хөрөнгө мөнгө гэхэд Монголбанкны шийдвэрээр арилжааны банкнаас зээл авч, шийддэг. Өвөлжилтийн бэлтгэлээр компаниудад ойролцоогоор 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ нь өвөлдөө шаардлагатай эрчим хүч үйлдвэрлэхийн тулд үйл ажиллагааны зардал, нүүрс худалдаж авахаас эхлүүлээд их хөрөнгө хэрэгтэй байдаг юм. Үндсэндээ эрчим хүчний салбар урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байгаа.
-Нүүрс авч эрчим хүч үйлдвэрлэдэг энэ салбарт нүүрсний зах зээлийн уналт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Өнгөрсөн жил нүүрсний уурхайнуудаас нүүрсээ зээлээр татаж авсан. 3.8 сая тонн нүүрс хэрэглэсэн байна лээ. Бүх зуухнууд ажиллаж эхлээд оргил хүйтний улиралд түлшээр тасалдахгүй байх нь хамгийн чухал. Өнгөрсөн өвөл гэхэд цахилгаан станцууд долоон хоногийн нөөцтэй байх үе байсан нь аюулгүй ажиллагааны талаас хүндрэлтэй байсан.
-Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсээ хэрхэн татаж авдаг вэ?
-Ер нь голцуу Багануур, Шивээ овоогоос нүүрсээ авдаг. Энэ жил нүүрсээ найдвартайгаар авахын тулд уурхайгаас авах нүүрсний үнэ, тарифыг бага зэрэг нэмсэн. Эрчим хүчний салбарыг дэмжиж Монголбанкнаас 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг энэ жил олгож байгаа. Зээлийн хүрээнд уурхайнууд зээлээ авч чадсан бол хөрс хуулалтын ажлаа явуулаад нүүрсний олборлолтоо одоо эхлүүлсэн байх учиртай. Ингэхээр ямартай ч хөнгөлөлттэй зээл авсан бол нүүрсний нийлүүлэлтийг таслахгүй байж, чадах чинээгээр эрчим хүчээ үйлдвэрлэж, иргэдийн хэрэглээг хангахаар эрчим хүчнийхэн ажиллаж байна.