
мэргэжлийн боксийн хүнд жингийн аварга “Төмөр” хочит Майк Тайсон
өөрийнх нь амьдрал хэрхэн нүдэн дээр нь нуран унаж байгаа болон
амьдралынхаа хатуу хүйтэн өдрүүдийн талаар “NBC” сувгийн “Today” буланг
хөтлөн явуулдаг сэтгүүлч Мэтт Лауэрт сонирхолтой ярилцага өгснийг
орчуулан хүргэж байна.
-Сүүлийн
хэдэн жил би “Аварга” гэж дуудуулалгүй маш их удаж. Саяхан л аварга
болоод шүдээ зуун баруун гараа өргөж байсан мэт. Гэтэл одоо намайг хар л
даа. Хөгширсөн, амьдралд нэгэн хэвийн уйтгар гуниг тээсэн боксчин эр
болчихож. Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Амьдрал нэгэн хэвийн байсаар
өдийг хүрлээ. Өглөө хэрхэн босдог талаар мөн өдрийг хэрхэн өнгөрөөдөг
талаар та асуусан уу, аль эсвэл. Хэнд ч сонирхолгүй өглөөний цай, гүйлт,
ганц хоёр зуун грамм вискиний талаар асуувуу. За наргисан шүү хөгшөөн.
Сүүлийн үед маш их унтдаг болчих юм. Бие сульдаад , ядаргааных байх.
-Ойрын хоёр, гурван жил юу хийв. Ямар нэг бизнесийн үйл ажиллагаа явуулсан уу?
-Ойрдоо
хотын залуустай бэлтгэл хийсэн. Гэхдээ тамирчин хүн зодог тайлсныхаа
дараа хийдэг бэлтгэл шүү. Одоогийн хүүхдүүдийн хурдийг яаж гүйцэх билээ.
Тэгэхээр сүүлийн хоёр жилд ерөнхийдөө хөрөнгө мөнгө олох биш
үрсээр байгаад таарлаа. Одоо ч тэгээд амьдрах хүнд болж. Гэхдээ
амьдралаас ямар нэг таашаал авах арга замыг хайсан гэх үү дээ. Бизнесийн
үйл ажиллагаа маань явцгүй болсон гэдгийг гурван жилийн өмнө хэвлэлээр
онцолж байсан санагдаж байна. Хааяа юу хийхээ мэдэхээ байчих юм. Залуу
тамирчдад өөрийн туршлагаасаа хуваалцдаг ч юм билүү. Тэсвэр тэвчээрийн
талаар хүүхдүүдэд арга зүйн хичээл заадаг ч юм билүү.
-Та дасгалжуулагч болбол зүгээр биш үү. Энэ талаар өмнө нь бодож байгаагүй юу?
-Дасгалжуулагч
аа. Та надаар тоглоод байна уу. Би дасгалжуулагч хийлээ гэхэд миний
арга барилд таарах тамирчин гарч ирэх гэсээр байтал би өвгөн болох
байлгүй. Гэхдээ зарим найзууд маань энэ талаар зөвлөсөн тохиолдол бий.
Угаасаа өөрийнхөөрөө зүтгэчих гээд байдаг болохоор баргийн хүний үгэнд
орохгүй шүү дээ. Таныг ингэж хэлсэнд баяртай байна. Би бодож үзье.
Амьдралд гэнэтийн үйл явдал тохиолдож л байдаг. Би үүнийг тэвчээд л
гарахыг боддог.
-Танд ямар нэг зүйл тохиолдоо юу. Нэг л эмзэглээд байх юм?
-Эмч
намайг хар тамхи, архинаас болж үхэх аюултай байдалд байгаа гэж хэлсэн.
Эрүүл мэндийн хувьд иймэрхүү л байна даа. Заримдаа би муу хүн
болчихдог. Би өмнө нь амьдралдаа олон л муу зүйл хийж байсан. Үүнийг
одоо бодоход хүнд байна. Өөрийгөө уучилмаар байна. Өөрийнхөө одоогийн
амьдралыг дахин босгож, шинээр эхэлмээр санагдах болсон. Архинаас болж
би үнэхээр хүнд байдалд байгаа. Би үхмээргүй байна. Сүүлийн зургаан өдөр
би архины төрлийн ямар ч зүйл хэрэглээгүй. Цаашдаа ч хэрэглэхгүй.
-Дэлхий
нийт таны энэ байдлыг өмнө нь мэдээгүй. Таны спортын амжилт үнэхээр
гайхамшигтай. Гэтэл эрүүл мэндийн байдал ийм хэмжээнд хүрчихээд байгааг
өнөөдөр л мэдэж байна. Танд ямар нэг тусламж хэрэгтэй юу?
-Би
өөрөө л үүнийг эхлүүлсэн. Тиймээс би өөрөө өөртэйгөө зургаан хоногийн
өмнөөс тэмцэж эхэлсэн. Архи дарс хүний амьдралаас хэзээ ч салахгүй.
Үүнийг зөв зохистой хэрэглэж сурах хэрэгтэй байх. Би нэг уухаараа
ухаанаа балартал ууж байж л сэтгэл амардаг байсан. Энэ нь магадгүй миний
хамгийн том алдаа байх. Надад тусламж хэрэгтэй бол би хэлнэ. Тиймээс
бяцхан жаалуудын тоглоом шиг би нэгдүгээр үед давах гэж хичээж байна.
Энэ бүхнийг ингээд ярьж байдаг би ч галзуу нөхөр юм аа. Яав ч эрүүл биш.
Надаас болгоомжил. Дахин наргих сайхан байлаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү
байна. Өөрөө өөртэйгөө нүүр тулаад үз. Тэгвэл чи бүхнийг ойлгож
магадгүй. Ганцаараа байгаад үз. Өөрөөсөө асуулт асуу. Миний юу хэлэх
гээд байгааг та ойлгож байна уу. Би хувьдаа ойлгож байгаа гэдэгт
итгэлтэй байна.
-Та 1986 онд хамгийн залуу дэлхийн аварга
болж байсан. Карьерийн хувьд 50 ялалт байгуулсаны 44 нь нокаутаар. Энэ
амжилт бол таны түүх. Танд дасгалжуулагч хийх санал ирж байсан удаа бий
юу?
-Надад дасгалжуулагч хийх цорын ганц л боломж байгаа.
Миний шавь яг л надтай адилхан хөдөлмөрлөж, над шиг зан төрхтэй байх
ёстой. Тэгэхээр маш хүнд болж байгаа биз. Өмнө нь “UFC” буюу мэргэжлийн
зодоончдын клубын тамирчин, түүний багийнхан надад санал тавьж байсан.
Гэхдээ би хүлээж аваагүй. Тэр бол зүгээр л нэг утга учиргүй зодоон.
Харин би мэргэжлийн боксчин эр. Үүнд том ялгаа бий гэдгийг ойлгуулах гэж
оролдсон. Та бүхэн нөгөө “Роки” гээд киног үзэж байсан биз дээ. Би
өвгөн болохоороо яг л тэр хөгшин өвгөн шиг буруу зөнөх байх гэж хааяа
өөрийгөө баясгадаг шүү. Юу гээч, би уг нь амьдралд урагш нэг алхах гэж
хэд хэдэн удаа оролдсон. Гэвч өнгөрсөн цагт хийсэн буруу үйлдэл, муу
нэр, миний тухай муу гэсэн бүхэн минь намайг хойш нэг алхам татаад байх
шиг. Би алдсан, дахиж алдаа гаргамааргүй байна. Үүнийг бас зарим хүн
ойлгоосой гэж хүсэх юм.
-Та хэдэн жилийн өмнө хийсэн хүчингийн
хэрэгтэй холбоотой сэдвийн талаар яриад байна уу. Шинэ Зеланд улсад
болж өнгөрсөн “Аваргуудын өдөр” буяны арга хэмжээнд орох гээд хил дээр
нутаг буцсан тухайгаа?
-Яг тийм. Үүнийг та сайн ойлгож. Энэ
яг л хүүхдийн тоглоом шиг. Нэг бяцхан жаал гал тогоон дотор ээжийнхээ
эзгүйд тоглож байгаад тавга хагалчихаж. Тэгээд ээжээсээ уучлалт гуйн,
том өрөөний тоос шороог цэвэрлэх гэтэл ээж нь хүүг гал тогоонд сандал
өргүүлээд зогсоосонтой адилхан. Би ч өөрийн хийсэн алдааныхаа горыг
буяны арга хэмжээгээр хүртэл хязгаарлуулна гэж төсөөлж байсангүй. Тэдний
зөв л дөө.
-Таны жинхэнэ аз жаргал хаана байна вэ. Та амьдралын аз жаргалыг хаанаас мэдэрч байна вэ?
-Амьдралын
хамгийн сайхан мөч маань бүхнийг яг босгож эхэлж байх үе гэж би боддог
шүү. Юу ч үгүй байхдаа бүхнийг нэг нэгээр нь босгох үнэхээр аз
жаргалтай. Миний нэрд гарахаас өмнөх амьдрал маань ямар байсныг цөөн
тооны л хүн мэднэ. Хар талх, өргөст хэмх идэн, өдөржин бэлтгэл хийдэг
байсан. Дараа нь амьдрах байшин, гэр бүл гээд асуудал, аз жаргал хосолж
ирж байсан. Одоо зовлон, тэмцэл хоёр хосолж байна. Чи амьдралдаа ямар аз
жаргалыг төсөөлнө, яг л тийм л аз жаргалыг амьдрал чамд өгөх болно. Хар
бор бага нас надад олон зүйл заасан. Гэхдээ америкийн жирийн иргэд шиг
зовлонгоос хэрхэн гарах хөдөлмөрч байдлыг сэтгэлдээ суулгаж өгсөн нь
миний давуу байдал ч юм шиг. Амьдрал тааварлашгүй гэж эндүүрэн зовлонгоо
жаргалтай эндүүрдэг тохиолдол бий. Би дэлхийн аварга болсныхоо дараа
гэнэт “Би одоо юу хийх юм бэ” гэж бодсоноос эхлэн маш хурдан унаж
эхэлсэн. Гэвч амдралын аз жаргалыг хурдан олж харсан. Тэгээд эргээд уул
өөд мацаж байна даа. Эхлээд эрүүл болох хэрэгтэй байна.
-Зөвхөн
та ийм байдалд ороод байгаа юм биш. АНУ-ын олон алдартай одууд хар
тамхи, архи дарс, зугаа цэнгэлээр өөрийн олж авсан бүхнээ алдсаар
байгаа. Үүнээс болж та хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээ алдах
дөхөөд байна. Бусдад зөвлөгөө, нэг тийм сэтгэлийн дэм өгчихмөөр зүйл
хэлээч. Таны сая, сая фэнүүд таныг харж байгаа шүү дээ?
-Өөрийнхөө
амьдралыг алдаа биш гэдгийг батлаад өг. Тэмц. Гэхдээ ухаалгаар. Зовж,
шанал. Гэхдээ аз жаргалыг дараа нь бий болго. Арай ухаалаг зүйл ярьчих
юм бол манай найзууд надаар тоглоом тохуу хийгээд эхлэнэ. “Чи өөрийгөө
ял” гэж л хэлье. Боломжгүй зүйл гэж үгүй.
-Бидэнтэй холбогдож, урилга хүлээн аван сэтгэлээсээ ярилцсанд баяртай байна.
Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
