2013 оны “брэнд” тамирчид

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

2013 оны “брэнд” тамирчид

АНУ-ын “Форбес” сэтгүүл тухайн жилдээ хамгийн их ашиг орлого олсон тамирчдыг нэрлэдэг уламжлалтай. 2013 онд ашиг орлогоороо тэргүүлсэн дэлхийн “брэнд” болсон тамирчдыг өнгөрсөн зургадугаар сард тодруулж олон нийтэд зарласан юм. Энэ жилийн спортын хамгийн өндөр ашиг олсон тамирчнаар мэргэжлийн гольфчин Тайгер Вүүдс дахин тодорлоо. Тайгер Вүүдс хэдий гэмтэл бэртлийн улмаас гольфийн талбайгаа эзэгнэж чадахгүй байгаа ч түүний нэр алдар дэлхий нийтэд “брэнд” болон үлджээ. Харин энэ цагт хөлбөмбөгийн ногоон дэвжээг чимж буй Криштиан Роналду, Лионель Месси нар эхний аравт дөнгөж багтаж байна. Тэгэхээр АНУ-ын мэргэжлийн спортын лигүүдэд их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлддэг нь харагдаж байна. Хөлбөмбөгчдөөс хамгийн их ашиг олсон нь алдарт Дэвид Роберт Жозеф Бекхэм. Бекхэм өнгөрсөн жил Францын нийслэлийн “Пари Сейнт Жермэн” багаас авсан цалингаа тэр чигт нь хүүхдийн асрамжийн газар бэлэглэсэн ч хөлбөмбөгчдөө ашиг орлогоороо тэргүүлжээ. Тэгэхээр энэ цагийн хөлбөмбөгийн талбай дахь “брэнд” бол Бекхэм байх нь. 


Ингээд “Форбес” сайтын тодруулсан дэлхийн хамгийн ашиг орлоготой 10 тамирчныг танилцуулъя. 

1. Тайгер Вүүдс

1975 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн. 2000, 2001 оны шилдэг тамирчин өргөмжлөлтэй. АНУ-ын “мэйжор” лигийн тэмцээнүүдэд хамгийн олон буюу 14 удаа түрүүлсэн, мэргэжлийн гольфчдын “PGA”-ийн цувралд 75 удаа ялалт байгуулжээ. 

Вүүдс сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн ашиг орлоготой тамирчдыг тогтмол тэргүүлсээр байна. Тайгер Вүүдс “Tag Heuer”, “Gillette” тэргүүтэй брэндтэй хамтран ажилладаг.  Түүний жилийн орлого 78,1 сая ам.доллар. Энэхүү орлогын 13,1 сая ам.долларыг цалин болон оролцсон тэмцээнээс хүртсэн бол 65 сая ам.долларыг сурталчилгаанаас олжээ.

2. Рожер Федерер

Дэлхийн хамгийн баян, өндөр орлоготой тамирчдын жагсаалтын аман хүзүүнд “Швейцарь цаг” хочтой Рожер Федерер бичигджээ. Федерер 1981 оны наймдугаар сарын 8-нд төрсөн, дэлхийн хамгийн агуу теннисчдийн нэг бөгөөд одоо дэлхийн чансааны долдугаар байрт эрэмбэтэй. Түүний орлого 71,5 сая ам.доллар. Федерер энэ жил цалин, тэмцээн уралдаанаас “ердөө” 6,5 сая ам.доллар олсон бол 45 сая ам.долларыг сурталчилгаанд тоглосны хөлсөнд авчээ.

3. Коби Брайант

Коби талбайд тоглосон ч, тоглоогүй ч талбайн гаднаас ч ашиг олдог “брэнд” тамирчин. 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн.  АНУ-ын NBA-гийн таван удаагийн аварга, NBA-гийн хамгийн үнэтэй тамирчнаар хоёр удаа шалгарсан, Олимпийн хоёр удаагийн аварга. Сагсан бөмбөгчний карьерынхаа турш  зөвхөн “Лос-Анжелес Лейкерс” клубт хүчин зүтгэж буй. Түүний жилийн орлого 61,9 сая ам.доллар. Кобигийн үндсэн цалин нь 27,9  сая ам.доллар бол 32 сая ам.долларыг сурталчилгаанаас халаасалжээ.

4. ЛеБрон Жеймс

“Хаан” Жеймс 1984 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн. Энэ жилийн NBA-гийн үнэ цэнэтэй тоглогч /MVP/, NBA-гийн шигшээ тоглолтын үнэ цэнэтэй ЛеБрон Жэймс энэ жил 59,8 сая ам.долларын ашиг олжээ. Түүний цалин Кобигоос 10 сая ам.доллараар бага. Гэсэн ч зар сурталчилгаанаас 42 сая ам.долларын ашиг олжээ. ЛеБрон  “Nike”, “McDonald `s”, “Coca-Cola”, “State Farm” зэрэг алдартай компаниудын нүүр царай.

5. Дрю Бреес

2013 онд хамгийн их ашиг олсон тамирчдын айргийн тавд АНУ-ын NFL буюу мэргэжлийн хөлбөмбөгийн “Нью Орлеанс Сейнтс” тоглогч Дрю Бреес оржээ. Дрю 1979 оны нэгдүгээр сарын 15-нд төрсөн. Тэрээр энэ жил  51 сая ам.долларын ашиг олжээ. Үүний 40 сая нь цалин бол 11 сая ам.долларыг зар сурталчилгаанаас олжээ. Дрю Бреес “Нью Орлеанс Сейнтс” багийнхаа бүх цагийн үеийн хамгийн шилдэг тоглогчоор нэрлэгддэг. Тэрбээр “Reebok”, “Sony” зэрэг  брэндтэй хамтран олон сая “ногоон” халаасалдаг юм.

6. Аарон Рожерс

Зургадугаар байрт мөн АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн “Грийн Бэй Пэйкерс” багийн тоглогч Аарон Рожерс бичигджээ. Аарон Рожерс 1983 оны арванхоёрдугаар сарын 2-нд төрсөн. Тэрбээр 49 сая ам.долларын ашиг олсны 43 сая ам.доллар нь цалин, зургаан сая нь сурталчилгааны орлого.
2005 оны драфтын нэгээр NFL-ийн “Грийн Бэй Пэйкерс” багийн эгнээнд нэгдсэнээс хойш Аарон Рожерс хамгийн их ашиг орлоготой тамирчдын тэргүүлэгчдийн нэг байсан юм.

7. Фил Микельсон

Фил Микельсон 1970 оны зургадугаар сарын 16-нд төрсөн. Гольфийн мэргэжлийн тоглогч Фил Микельсон гольфчдийн тэмцээн /PGA/-д 40 удаа ялалт байгуулж, дэлхийн аваргын титмийг дөрвөн удаа хүртсэн. Түүний жилийн орлого 48,7 сая ам.доллар. Фил цалингаас  4.7 саяыг олсон бол 44 сая ам.долларыг “Callaway”, “Барклай”, “KPMG”, “Exxon”, “Rolex”, “Amgen” / Pfi zer нартай хамтран ажиллаж олжээ.

8. Дэвид Бекхэм

Бекхэм 1975 оны тавдугаар сарын 2-нд төрсөн. Өдгөө хөлбөмбөгийн дэвжээгээ орхисон ч спортын “брэнд” хэвээр үлджээ. Түүний орлого 47,2  сая ам.доллар. Үүнээс таван сая нь гэрээний дагуух үндсэн цалин. Харин 42 сая ам.долларыг зар сурталчилгаа оролцсон үйл ажиллагаанаас олжээ. Бекхэм “Burger King”, “Sainsbury”, “Samsung” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг. Бекхэмийг 2012 онд Лондонгийн олимпийн “Хүндэт элч”-ээр зарлах мөчөөс эхлэн хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт “дарсан” байна.

9. Криштиан Роналду

Энэ цагийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Криштиан Роналду өнгөрсөн жил 44 сая ам.долларын ашиг олжээ. Роналду дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч. Түүнд Испанийн “Реал” баг жилийн 23 сая ам.долларын цалин өгсөн бол 21 саяыг зар сурталчилгаанаас олжээ.

Роналду Nike”, “Castrol”, “Konami” зэрэг брэндтэй хамтран ажилладаг юм. Мөн өөрийн CR7 брэндийнхээ нүүр царай юм

10. Лионель Месси

Сүүлийн дөрвөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лио Месси 41,3 сая ам.долларын ашиг олсноор жагсаалтын аравдугаар байрт бичигджээ. Испанийн Каталон үндэстний бэлэг тэмдэг “Барселона” баг Лио Мессид жилийн 20,3 сая ам.долларын цалин өгсөн бол 21 саяыг нь зар сурталчилгаанаас олжээ. Домогт Марадо­натай зүйрлэгддэг Аргентиний шигшээ багийн ахлагч Лионель Месси ийнхүү хөлбөмбөгийн талбайн гадна хамгийн эрэлттэй “брэнд”-ийн нэг юм.


Б.ОЙНБИЛЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж