
Өнгөрсөн жил буруу хүрдтэй машинаас болж хотын дарга бараг л багалзуурдуулах дөхсөн. Монголд явж байгаа нийт машины 60 хувь нь буруу хүрдтэй болохоор бууж өгөхөөс ч өөр аргагүйд хүрсэн байх. Гэхдээ энэ бүхэн ердөө л худалдааны хуульгүй, төрийн бодлогогүй, асуудал эрхэлсэн яамгүйн үр дүн.
Унах унаа, идэх хоол, өмсөх хувцас, уух ундаагаа гаднаас худалдаж авдаг Монгол Улсад гадаад худалдааны бодлого гэж байна уу. Хүн байгаа цагт худалдаа өрнөдөг. Худалдаа байгаа цагт бодлого байх ёстой. Валютын ханш чангарч, дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ шалтгаантай, шалтгаангүйгээр өсч,төсвийг бүрдүүлж байсан ашигт малтмалын худалдаа буурлаа. Гэтэл Монгол Улсын 18 яам, 40 гаруй агентлагийн дотор худалдааны асуудал хариуцсан байгууллага үзээд өгье өө гэхнээ алга. Захын компани борлуулалтын албатай байхад бүхэл бүтэн улс оронд худалдааны асуудал хариуцсан байгууллага байхгүй байгаа нь өрөөсгөл асуудал юм. Нүүрс, зэс, төмрөө хэрхэн зарж, яаж үнэд хүргэх вэ, ямар бараа бүтээгдэхүүнийг дотоодынхоо зах зээлд борлуулах вэ, улс татвараа яаж авах вэ гээд худалдаатай холбоотой бүх л асуудал цогц бодлогын дагуу явагдах ёстой. Гадаад худалдааны гол бодлого нь экспортыг дэмжихэд чиглэгддэг учраас Монгол Улс бодлогоо тодорхойлохгүйгээр баялгаа үнэд хүргэх боломжгүй юм. Нөгөө талаар гадаад худалдаанд оролцдоггүй, худалдаа хийдэггүй нэг ч иргэн, аж ахуйн нэгж Монголд байхгүй. Үйлдвэрлэл эрхэлдэггүй, хэрэгцээт бүх бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог, зэс, нүүрс, ноос ноолуур, арьс шир гэх цөөхөн нэр төрлийн бараа экспортолдог, дэлхийн 130 гаруй оронтой худалдаа хийдэг атлаа худалдааны хуульгүй, бодлогогүй байна гэдэг хамгийн том алдаа. Ганзагын системээр Монгол Улс хол явахгүй нь тодорхой. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 6481.4 сая ам.долларт хүрээд байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 526,1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Гадаад худалдааны тэнцэл энэ сарын 15-ны байдлаар 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Эдгээр тоонууд худалдааны асуудалд хар захын системээр ханддаг байдлаа халах хэрэгтэй болсны сануулга юм.
Олон жилийн өмнө Үйлдвэр худалдааны яамыг татан буулгаснаас хойш Монгол Улсын худалдааны бодлого эзэнгүйдсэн гэж дүгнэж болно. Хэн ч энэ талаар санаа тавьж, хэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулалгүйгээр өнөөдрийг хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газар агентлагуудаа цөөлж, яамдынхаа тоог нэмсэн ч худалдааны асуудлаа бас л орхигдуулсан. Гэтэл гадаад худалдаа нь гадагшаа нүүрс экспортолдог Болд, гаднаас чихэр импортолдог Баяраа хоёрт хамааралтай асуудал биш юм. Аль ч улс орны хувьд хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, боловсрол, бүр цаашлаад улс орны аюулгүйн асуудал ч худалдааны бодлогоос шууд хамааралтай юм. Тиймээс хэн юугаа гаднаас оруулж зарах бидэнд хамаагүй, татвараа авч байвал боллоо гэсэн маягтайгаар асуудал хандсаар ирсэний балаг нь өнөөдөр Монголд хүнсний аюулгүй байдал дээд хэмжээндээ хүртэл алдагдчихаад байгаа шүү дээ. Хугацаагүй, чанаргүй, найдваргүй барааг томоохон супер маркетууд нь хүртэл зарах болсон. Гадаад худалдааны 60 орчим хувь нь Хятад, 20 гаруй хувь нь ОХУ-тай хийгддэг. Дээрх тоо урд, хойд хоёр эдийн засгаас Монголын эдийн засаг бүрэн хамааралтай болсныг гэрчилж байна.
Сүүлийн үед Монголд цахим худалдаа газар авах болсон. Гэтэл үүнийг зохицуулсан эрх зүйн орчин алга байна. Түүнчлэн оюуны өмчийн худалдааг хэрхэн шийдвэрлэх вэ, хүнсний aюулгүй байдлыг яаж хангах вэ гэх олон асуултыг цэгцлэхэд Худалдааны хууль хэрэгтэй гэдгийг эдийн засагчид ч ярьдаг. Өнгөрсөн Засгийн газрын үед “Худалдааны хууль”-ийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Уг хууль хоёр парламентийн нүүр үзэж байгаа ч өнөө болтол батлагдаагүй байна. “Худалдааны хууль”-аа эртхэн гараас гаргахгүй бол гадаад, дотоодын зах зээлд байдал ерөнхийдөө хурцадмал болж ирлээ. Баялгаа үнэд оруулж, валютын ханшийг тогтворжуулж, гадаад, дотоод эдийн засгаа сайжруулахын тулд хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхээс өөр аврал бидэнд байхгүй. Тиймээс Монгол Улс хэзээ “Худалдааны хууль”-тай болох вэ гэдгийг улстөрчдөөс асуучихад гэмгүй биз.