
WikiLeaks сайтын мэдээлэгч Брэдли Мэннингийг 35 жил шоронд хорих шийдвэрийг АНУ-ын цэргийн шүүх лхагва гаригт гаргалаа. Түүнд маш хүнд ял онооосон гэж үзэх хэсэг байгаа ч найман жил хагасын дараа хугацаанаас өмнө суллагдагдах боломжтой гэсэн тайлбар байгаа юм.
АНУ-ын түүхэнд нууц бичиг баримтыг тараасан хамгийн том хэргийн эзэн байлдагч Брэдли Мэннингийг 35 жилээр хорих ялаар шийтгэх болсон тухай шүүхийн шийдвэрийг шүүгч Дениз Линд уншин сонсгов. WikiLeaks-ийн мэдээлэгч хэрэв хугацаанаас өмнө тэнсэн суллалтыг авч чадахгүй бол 2048 он хүртэл ялаа эдлэх юм.
Өдгөө 25 настай Мэннинг тагнуулын тухай хуулийг зөрчсөн гэх хэргээс гадна 2010 онд Иракт цэргийн алба хааж байхдаа нууц бичиг баримтыг хуулан тарааж байсан мөн хулгай болон компьютерийн залилангийн хэрэгт яллагдсан юм. Цэргийн прокурорууд Мэннингид 60 жилээр хорих ял оноохыг шаардаж байв. Ийн хатуу ял оноож бусад хүмүүст сургамж болгох ёстой гэж яллагч нар үзжээ. Мэннингийн өмгөөлөгч Дэвид Кумбс “Түүний залуу насыг бүү сүйтгээч” гэж шүүхийг ухуулж, ядахдаа 25 жилийн ял оноогооч гэж гуйж байв.
АНУ-д зэвсгийн наймаачид, алуурчид, хүний наймаачдад өгдөг ялнаас ч хүнд ял оноолоо гэж өмгөөлөгч нь үзэж байна. Мэннинг 10 зүйл ангиар буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Цэргийн шүүхийн шийдвэр нь автоматаар давж заалдах гомдолд хамрагдах бөгөөд даван заалдах үйл ажиллагаанд нэлээд хугацаа шаардлагатай гэж New York Times сонин онцолжээ.

WikiLeaks-ийн мэдээлэгч нь Ирак болон бусад орнуудад явуулж байгаа Америкийн бодлого, дипломатын тухай дэлхий дахинд үнэнээр хэлэхийг хүссэн идеалист хүн гэж өмгөөлөгч нь үзэж байна. “Хүмүүст хор хүргэхээсээ илүүтэйгээр тэдэнд тус болно гэдэгтээ би итгэж байсан” хэмээн өмнөх долоо хоногийн хуралдаан дээр нь Мэннинг мэдэгдсэн юм.
Түүний илчилсэн баримт нь АНУ-ын дайсны гарт, ялангуяа олон улсын террорист байгууллага “Аль-Каидагийн” идэш болно гэдгийг Мэннинг ойлгоогүй гэж үзэх аргагүй хэмээн яллагч нар хэлж байв. Харин шүүгч нар Линд 20 гаруй ялын хамгийн хүнд зүйл анги болох дайснуудтай хамтран ажилласан гэх ялыг тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
Мэннинг ялынхаа гуравны нэгийг эдэлсний дараа хугацаанаас өмнө тэнсэнгээр чөлөөлөгдөхөөр шүүхэд хандах боломжтой болох юм. Шүүх урьдчилан хоригдсон гурван жил хагас, мөн ганц хүний өрөөнд хоригдсон 122 хоногийг нь эдлэх яланд оруулан тооцохоор болов.
Wikileaks өнгөрсөн лхагва гаригт өөрийн мэдээлэгчийг ялласан хэргийг стратегийн ялалт гэж нэрлэв. “Брэдли Мэннингийн хэрэгт гайхалтай стратегийн ялалт гарлаа. Тэрээр есөн жил хүрэхгүй хугацааны дараа чөлөөлөгдөнө” гэж Twitter-т Wikileaks бичжээ.
WikiLeaks сайтад Мэннинг эхний баримт болох Ирак, Афганистанд явуулсан байлдааны үйл ажиллагааны тухай тайланг 2010 оны хоёрдугаар сард дамжуулсан байна. Нийтдээ 700 мянган материалыг WikiLeaks сайтад тэр өгсөн гэгдэж байгаа. Үүнд мөн дуулиан тарьсан “Дагалдлагатай аллага” гэсэн видео багтаж байгаа юм. Америкийн Aн-64 “Апач” нисдэг тэрэг Багдад хотноо 2007 онд хэсэг бүлэг иракчуудыг буудан энгийн иргэд, “Reuters” агентлагийн хоёр сурвалжлагч болон хүүхэд эмэгтэйчүүд амиа алдсан хэрэг уг бичлэгт бичигджээ.
Өмгөөлөгч нарынх нь яриагаар, Мэннинг уламжлалт бус сексийн хандлага мэтийн сэтгэцийн ноцтой асуудалтай гэнэ. 2010 оны тавдугаар сарын эхээр тэрээр амиа егүүлтгэхээр оролдсон. Гэвч эмч нарын зөвлөгөөний дараа түүнийг армийн албанд нь үлдээхээр болжээ.
Мэннингийг Иракт байхад нь 2010 оны тавдугаар сарын 27-нд баривчилсан. WikiLeaks-ийн мэдээлэгчийг илрүүлэхэд нь хакер Эдриэн Ламогийн “матаас” тусгай албаныханд тус болсон байна. Энэ жилийн наймдугаар сарын дундуур болсон цэргийн шүүхийн хурал дээр учруулсан хор хөнөөлөхийнхөө төлөө Америкийн ард түмнээс тэрээр уучлалт гуйжээ.
«Миний үйлдлийн улмаас хүмүүс хэлмэгдэж, АНУ хохирсонд би харамсаж байна. Миний үйлдлийн төсөөлөгдөөгүй байсан үр дагаврынх нь төлөө би уучлалт гуйж байна. Хоригдсон гурван жил надад сургамж боллоо” хэмээн цэргийн шинжээч асан тэрээр хэлжээ. Британийн Guardian сонинд тэмдэглэснээр, Вашингтон мужийн цэргийн тойргийн командлагч Жеффри Бьюкенен ялыг авч үзээд хугацааг нь багасгах эрхтэй. Мөн түүний хэргийн цэргийн даван заалдах шүүхээр хэлэлцэх юм. Цаашид гомдлыг Цэргийн даван заалдах дээд шүүхэд гаргаж болно. Дараагийн шатанд тэрээр АНУ-ын даван заалдах шүүх, АНУ-ын Дээд шүүхэд гомдлоо гаргаж болно.
Америкийн Иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо WikiLeaks-ийн мэдээлэгчид “Хоригдлуудыг тамлан байцаагчид, энгийн иргэдийн амь насыг хөнөөгчдөд оноодогоос хатуу ялаар Мэннингийг шийтгэлээ” гэж үзэв. Олон улсын Amnesty International байгууллага АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хандан Мэннингийн ялыг зөөлрүүлж өгөхийг хүссэн байна. “Хэрэг хийсэн шалтгаан, шүүхээс өмнө хоригдож байсан нөхцөл, шүүхийн ажиллагааны явцад гарсан алдаа зэргийн улмаас Брэдли Мэннинг өршөөгдөх ёстой” гэж Amnesty International байгууллагын төлөөлөгч хэлжээ.
Харин Оросын Гадаад хэргийн яамны Хүний эрхийг хариуцсан элч төлөөлөгч Константин Долгов “Өөрсдийнх нь ашиг сонирхол хөндөгдсөн үед Америкийн шүүхийн систем нь “бусдад жишиг болгох” зарчмын дагуу хүний эрхийг хамгаалах нөхцөл байдлыг харалгүйгээр зөвтгөх аргагүй хатуу шийдвэр гаргаж байна” хэмээн мэдэгдээд хүний эрхийг дээдлэх зэрэг салбарт “лидер” байх АНУ-ын эрмэлзэл нь үндэслэлгүйг энэ шүүх хурал харууллаа гэв. Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений сонирхлыг төлөөлж байгаа өмгөөлөгч Анатолий Кучерена Америкийн шүүхийн шийдвэрийг улс төрийн шалтгаантай гэсэн байна. “Хэрэв Эдвард Сноуден өмнө нь эх орондоо буцах талаар бодож байсан бол харин одоо эх орондоо шударга шүүхэд найдсаны хэрэггүйг түүнд харуулж өглөө” гэж тэр онцолжээ.
Британийн хэвлэлийн мэдээлснээр, Мэннингийг дэмжигчид Сиэтл, Сан-Франциско, Лос-Анжелесе, Лас-Вегасе, Чикаго, Денвер, Миннеаполис, Нью-Йорк, Бостон зэрэг хотуудад түүнийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах гэнэ.
Мэннингийн хэрэг хэрхэн өрнөв
Мэннинг Иракт алба хааж байгаад 2010 оны тавдугаар сард баривчилжээ. Тэрээр агаарын цохилтын видео бичлэг, Ирак, Афганы дайны тайлангууд, Гуантанамогийн шоронгийн хоригдлуудын хэрэг, 250 мянга орчим дипломат мэдээ захидал зэргийг Wikileaks сайтад дамжуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Хэргийн яллагчид өнгөрсөн хоёрдугаар сард “террорист №1” Усама бин Ладенийг устгалцсан тусгай ангийн байлагч нарын нэгийг шүүх хуралд дуудахыг шаардлаа. Үүгээр мэдээлэгчийн тараасан материалыг бин Ладен ашигласан гэдгийг тогтоох зорилготой байсан юм. Цэргийн прокурор Жо Морроу Мэннингийг алдар нэр хөөцөлдөн хэргийг хийсэн гэж хэлээд баримт болгон нэгэн слайдыг харуулжээ. Тэнд Мэннингийн хакерт илгээсэн гэх захидлыг харуулжээ. “Хэрэв чамд сүлжээний нууц материалд найман сарын турш долоо хоногийн долоон өдөрт 14 цагийн турш нэвтрэх хязгааргүй боломж гарч ирсэн бол чи юу хийх байсан бэ?” гэсэн асуулт тавьсан байжээ.
Тавдугаар сард Anonymous гэх хакерийн бүлгийн Жереми Хэммонд мэдээлэл дамжуулсан хэргээ хүлээжээ. Stratfor гэх мэдээллийн баазад нэвтэрсэн, компанийн захиалагчид ба үйлчлүүлэгчдийн картнаас 700 мянган ам.доллар хулгайлсан, судалгааны төвийн үйлчлүүлэгчдийн нууц мэдээллийг илчилсэн зэргийн ялыг түүнд сонсгоод байгаа.
WikiLeaks (wiki ба leak-“алдах”) гэсэн арилжааны бус төсөл 2007 онд албан ёсоор нээгджээ. Чухал мэдээ, мэдээллийг олон нийтэд хүртээлтэй болгох зорилготой гэж WikiLeaks үздэг. Мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангасан иновацийн тусламжтайгаар нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлэл нийлүүлдэг байна. Хүний эрхийн түгээмэл тунхагийн 19 дүгээр заалтын зарчмын дагуу WikiLeaks мэдээллийг нийтлэх үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Брэдли Мэннинг (англ. Bradley E. Manning) 1987 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ. АНУ-ын цэргийн албан хаагч тэрээр их хэмжээний нууц бичиг баримтыг WikiLeaks сайтад дамжуулан өгсөн хэргээр ял авлаа.
Мэннинг Оклахома мужийн мянга хүрэхгүй хүн амтай Крисэнт хотод өсчээ. Түүний эцэг нь америк хүн, эх нь валлийн гаралтай британи эмэгтэй. Брэдли сульдаатай, бүрэг хүүхэд байжээ. Түүнийг 13 настай байхад эцэг, эх нь салсан байна. Тэрээр эхийн хамт түүний төрсөн Хаверфордуэст хотод иржээ. Тэр үед гомосексуаль гэдгээ Мэннинг ойлгосон гэдэг. Хаверфордуэстад сургуулиа дүүргээд тэрээр АНУ-д эргэн иржээ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026