Эмэгтэй боксчдыг сойж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчдыг сойж эхэллээ

Тамирчин хүний хүсэн хүлээж байдаг олимпийн тэмцээнд оролцох эрх авахын төлөө тамирчид бүх бололцоогоо дайчилж, боломжийг алдахгүйг хичээдэг. Тэгвэл манай боксынхон нэг биш нэлээд хэдэн олимпийн аваргатай болох шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд бэлтгэл ажлаа ч амжилттай хангаж байна. Тухайлбал, саяхан Монголын олимпийн боксын холбооны (МОБХ) ерөнхийлөгч Ч.Ганзориг Азийн олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч болсон. Олимпийн эрх авах тэмцээнүүдэд манай тамирчид амжилттай оролцож байгаа зэрэг нь үүнийг илтгэнэ. Лондоны олимпод боксчид 48-52, 57-62, 69-75 кг гэсэн гурван жинд хүч үзнэ. Манайхны шахуу төлөвлөгөөний нэг хэсэг нь эмэгтэй боксчдыг олимпийн дэвжээнд гаргах юм.  Үүний дагуу олимпын гурван жингийн эмэгтэй боксчдын дунд аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн баасан гарагт МОБХ-ноос зохион байгуулсан юм. Боксын танхимд рингэн дээр гарах ээлжээ хүлээсэн тамирчид дээс эргүүлж, мишок цохиж  Ялалтаас өөр зүйл бодох завгүй байгаа мэт. Цагаан цамц өмсч, эрвээхэй зангиа зүүсэн шүүгч нар тамирчдын тоглолтыг анхааралтай ажих нь Лондоны олимп болох хугацаа ойртсоныг илтгэнэ.

Тэмцээний талаар МОБХ-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан ийнхүү ярьсан юм.

-Тэмцээнд ямар клубын тамирчид оролцож байгаа вэ?

-Хар чоно, Улаан ирвэс, Ширэн бээлий  клуб, Алдар нийгэмлэг, Баянгол дүүргийн нийт 24 эмэгтэй тамирчин гурван жинд найм, наймаараа хуваагдан оролцож байна. Жин тус бүрээс нэг тамирчин шалгарч удахгүй Бээжинд болох олон улсын тэмцээнд оролцох юм.

-Манай эмэгтэй боксчид дэлхийд чансаагаараа хэддүгээрт бичигддэг юм бэ. Олимпоос медаль авах бололцоотой юу?

-Эмэгтэй боксчдод харьцангуй бага анхаарал тавьдаг байсан нь үнэн. Гэхдээ одооноос олимпийн эрх авах тэмцээнүүдийн бэлтгэлийг сайн хангаж, тэднийг олимпод оруулахаар сойж эхэлж байна. Үүний эхлэл нь удахгүй болох энэ тэмцээн юм.  

МОБХ-ныхон эмэгтэй боксчдодоо итгэл хүлээлгэж, боломж олгох үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр Хар чоно клубын тамирчин, ОУХМ Ц.Цэрэнчимэгээс тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонссон юм. Түүний “Мишок”-нд орж дууссаны дараа ярилцъя. Үгүй бол дасгалжуулагч загнана” гэсэн үгс тамирчин хүний чанд хатуу, зорьсондоо хүрдэг занг бэлхэнээ харуулж байлаа. Түүнтэй цөөхөн хором ярилцсан юм.

-Хэдэн килограммын жинд хүч үзэж байна вэ. Өрсөлдөгчдийн тань бэлтгэл хэр байна вэ?

-Олимпийн 60 килограммын жинд өрсөлдөж байгаа. Улсын аваргад эхний байруудад орсон, олон улсын тэмцээний шагналт хүүхдүүдтэй өрсөлдөж байна. Бүгд бэлтгэлээ сайн хангасан харагдаж байна.

-Ялсан тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм байна шүү дээ. Өөрийгөө ялна гэдэгтитгэлтэй байна уу?

-Бардам хэлэх нь ч хаашаа юм. Гэхдээ аливаа тэмцээнд орохдоо тамирчин хүн ялна гэсэн бат итгэлтэй ордог. Ялангуяа тулааны спортын тамирчид сэтгэл зүйн маш их бэлтгэлтэй байх ёстой. Би ч гэсэн өөрийгөө ялна гэж  л энэ тэмцээнд орж байгаа. 

-Тэмцээний талаарх сэтгэгд­лээсээ хуваалцаач?

-Эмэгтэй боксчдын дунд тийм ч их тэмцээн зохиож байгаагүй. Манай холбооны удирдлага солиг­доод удаагүй байгаа ч гэсэн үйл ажиллагаанаас нь дүгэнэхэд эмэгтэй боксчдоо эрчүүдтэйгээ адилтгаж, ижил түвшинд хандаж байгаа нь ажиглагдаж байна. Үүний нэг илрэл нь энэ тэмцээн юм болов уу. Энэ бүхэнд эмэгтэй тамирчид маань сэтгэл хангалуун байгаа.

-Боксын эрэгтэй тамирчин олим­пийн аварга болчихсон. Энэ амжилтыг эмэгтэйчүүд нь давтах цаг ойрхон байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Манай эмэгтэй боксчид бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл олимпийн аварга төрөх бүрэн бололцоотой. Ер нь бид дэлхийд тийм ч доогуур чансаатай биш. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд байнга ороод байж чаддаггүй ч гэсэн оролцсон тэмцээнүүддээ маш их амжилттай үзүүлдэг юм.
Харин эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Энхбаатар  тэмцээний талаар ийнхүү ярьсан юм.

-Шинэ холбоо шинэ бүтцээрээ ажиллаж эхэлснээс хойш зохиож буй хоёр дахь тэмцээн нь энэ. Энэ нь манай тамирчдад туршлага солилцох, түвшин тогтоох ач холбогдолтой. Манай холбооноос тамирчдадаа маш их анхаарал тавьж байгаа. Холбооны удирдлага солигдсоноор олон сайхан залуу шүүгч нар бэлдэж байна.  Мөн тамирчдадаа урд урьдныхаас ч илүү анхаарал хандуулж эхэлсэн гээд яриад байвал их зүйл байна. Удахгүй болох Азийн чоно, China opening тэмцээнд  эндээс шалгарсан тамирчид орох юм. Ингээд бэлтгэлээ сайн хангаад байвал манай эмэгтэй боксчид хаана ч гологдохгүй юм шүү дээ. Үүнийг олж харсан холбооныхоо удирдлагад маш их талархаж байгаа.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж