Хотын үдэш, хол замд тролейбустай аялав

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Хотын үдэш, хол замд тролейбустай аялав

Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцсээс 2 номерын тролейбус Офицеруудын ордныг чиглэн төв замаар давхилаа. Гэхдээ шөнө дунд.

Шөнийн тролейбус… Энэ үйлчилгээг Хотын захиргаанаас гаргасан шийдвэрийн дагуу явуулж, шөнө буюу 23.00-05.00 цагийн хооронд хэрэгжүүлж байгаа юм. “Шөнийн сурвалжлага”-даа энэ удаа хотынхоо хамгийн “унтах завгүй” тролейбусыг онцлов.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус 22.00 цагт зогсдог бол шөнийн тролейбус эсрэгээрээ 23.00 цагт ажлаа эхэлнэ. Энэ тролейбусаар уг нь хоёр чиглэлд үйлчилж байгаа ч хоёр зам засвартай учраас зөвхөн Ханын материал – Офицеруудын ордон чиглэлийх нь үүргээ гүйцэтгэж байлаа.

О.Магнай даргын “буян”

23.40 цаг. “Өө ашгүй тролейбус зогсоогүй байна, гүйгээрэй” гэсээр 40 орчим насны хоёр хүн Кино үйлдвэрийн автобусны буудлаас суулаа. Тэд мөнгөө сарвайх зуураа тролейбус ингэж шөнө явдаг болсонд их л олзуурхаж байгаа бололтой байснаа гэнэт 1000 төгрөгөөр үйлчилж байгааг сонсоод кондукторыг өөд уруугүй загнаж эхлэв. “Та нар 500 төгрөгийг нь халааслаад, 500 төгрөгийг нь компанидаа тушааж байгаа биз. Яагаад 1000 төгрөгөөр автобус явдаг юм” гэж зандраад, 200 төгрөгөө булааж аван унаанаас буулаа. Уг нь тэр хүмүүс Кино үйлдвэрээс Ханын материалын эцсийн буудал хүрэх байсан юм.

Бодож үзье. Хэрэв тэд таксинд суувал хүрэх газартаа очихын тулд хамгийн багадаа 15 мянган төгрөг төлнө. Эсвэл унаанд мөнгө төлөхгүй, алхана аа гэвэл цаг их зарцуулна. Ингээд бодохоор шөнө дөлөөр үйлчилж байгаа энэ унааны ханш бодит байдалд нийцэх мэт санагдана. Зорчигчид ч ам сайтай байна билээ. “Ийм хол замд 1000 төгрөгөөр үйлчилнэ гэдэг болж байна. Оройн ээлжтэй, ажилтай, асуудалтай хүмүүс олон бий. Тэр хүмүүс бүгд такси бариад давхиад байдаггүй” гэх яриаг эргэн тойрныхон маань хуучлан явлаа.

Нэг буудлаас дунджаар 5-6 хүн сууж, тэр хавьцаа хүн бууж байв. Ингэж явсаар баруун дөрвөн зам хүрэхэд тролейбус дүүрэн зорчигчтой боллоо. Ганц нэгхэн хүнийг эс тооцвол шөнийн тролейбусны үйлчилгээг үргэлжлүүлэх санал зорчигчдод байгаа нь илт. Тэр тусмаа ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн өчигдөрхөн гаргасан таксины үнэ нэмдэг хачирхалтай шийдвэр шөнийн тролейбусны зорчигчдыг нэмэхэд бүр ч их нөлөөлж байгаа бололтой. “О.Магнай даргын таксичид нэг км-ыг мянган төгрөгөөр тооцож байхад манай энэ унаа хотын нэг захаас нөгөө захад мянган төгрөгөөр хүргэнэ ш дээ” гэж ирээд л мар мар инээлдэцгээх.

Шөнийн үйлчилгээг үргэлжлүүлэхийг хүсч байна

01.00 цаг. Тролейбус эцсийн зогсоолдоо хүрч, зорчигчдоо буулгаад эргэлээ. Ханын материалын эцсээс хотын төвийн чиглэлд явж байгаа болоод тэрүү нэг ч зорчигчгүй явсаар 10-р хорооллын буудалд зогсов. Тэндээс дөрвөн хүн суулаа. Гэхдээ тэр залуус тасалбар авах мөнгөгүй байжээ. Энэ тухайгаа кондукторт орж ирэнгүүтээ тайлбарлаж, ойрхон газар ч болов дөхөөд бууж болохыг асуув. Кондуктор зөвшөөрч толгой дохиод, “Манайх чинь олон хүнд буян болдог унаа шүү дээ. Ингээд шөнө орой явлаа гээд бид нарт ядарч, сүйд болоод байгаа юм алга. Хүмүүс харин ч их сайхан хүлээж авч, талархалтай байгаа. Зорчигчдод хүрч үйлчилж байвал болж байгаа юм” гэж өнөө залуустай буу халлаа.

"Цахилгаан тээвэр" компаниас хэрэгжүүлж байгаа "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд эдгээр тролейбусыг энэ оны долдугаар сарын 11-нээс эхлэн туршилтын журмаар зорчуулж эхэлсэн юм. Туршилтад Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицерүүдийн ордон” маршрутын аялал багтаж байгаа бөгөөд шөнийн тролейбусууд том хүнд 1000, хүүхдэд 500 төгрөгөөр үйлчилдэг. Төслийн туршилтын хугацаа ирэх есдүгээр сарын 11-нд дуусч, Хотын захиргаа цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

Хэдийгээр шөнийн тээвэр одоохондоо “Цахилгаан тээвэр” компанид онцын ашигтай байхгүй байгаа ч тохь тухтай болгоод сайжруулчихвал хэтдээ нийслэлчүүдийн хөл дүүжлэх хамгийн таатай унаа болж болох юм. 

Зорчигчийн талархал үйлчилгээний үнэлгээ байдаг

02.10 цаг. Хотын баруун захаас зүүн тийш хүрэхдээ бараг хүнгүй зорчсон ч 05.00 цаг хүртэл явах хуваарийн дагуу шөнийн тролейбус ажлаа хийсээр байлаа. Кондуктор Даваамаа “Зарим хүмүүс биднийг их загнана. Улсын мөнгийг дунд нь кондукторууд иддэг л гэнэ. Юу гэж тийм зүйл байхав дээ. Гэхдээ бас ч гэж нэг үеэ бодвол олон хүмүүс шөнийн ээлжийг их дэмжиж байгаа. Хүмүүс буухдаа “Баярлалаа” гэж чин сэтгэлээсээ хэлээд буудаг юм шүү. Хүмүүс шөнийн цагаар тролейбус явж байгааг ер нь хэр мэдэж байгаа бол. Миний бодлоор бол нэг их сайн мэдэхгүй байгаа юм шиг санагдсан” хэмээн ярилаа.

Магадгүй л юм. Шөнийн тролейбусны талаар тийм ч олон хүн мэдээгүй байж магадгүй. Гэхдээ мэддэг болоод, заавал үйлчлүүлээрэй гэж хотын иргэддээ уриалмаар байна.

Хотын захиргаа, "Цахилгаан тээвэр" компанийнханд БАЯРЛАЛАА. Болж байгаа ажлыг дэмжиж, хийж бүтээж байгаа хүмүүст урам өгөх нь хэвлэл, мэдээллийн бидний хамгийн том үүрэг юм.






Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж