Египет “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнийг баривчилсаар

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Египет “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнийг баривчилсаар

Египетийн экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнийг чиглэсэн цагдаа, цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна. Египетийн албаныхан өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэхэд л “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний гишүүн, дэмжигч болон хөдөлгөөний лидерүүдийн гэр бүл, хамаатан садан болох 60 гаруй хүнийг хоморголон баривчлаад байгаа аж. Одоогоор Египетэд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний яг хэдэн гишүүн, дэмжигч баривчлагдан, ял шийтгэл хүлээсэн нь тодорхойгүй байгаа ч энэ тоо хэдэн зуугаар тоологдох гэнэ. Түүнчлэн Египетийн албаныхан “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний тэргүүлэх болон дунд шатны лидрүүдийг баривчлаад байгаа юм.

Египетэд өнгөрсөн долдугаар сарын 3-нд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас бууснаас сарын дараа “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний тэргүүлсэн Мурсийг дэмжигч олон мянган иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа цэргийнхэнтэй мөргөлдсөн билээ. Үүний эсрэг Египетийн Засгийн газар цэрэг, цагдаагийн эрс арга хэмжээ авч, эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсан юм. Үүний улмаас Египетэд энэ наймдугаар сарын дунд үед хэдхэн хоногийн дотор 500 орчим хүн амь үрэгдсэн ба хохирогчдын ихэнхи нь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний гишүүд, дэмжигчид аж. Түүнчлэн Египетийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр үймээнийг дарах үеэр 100 гаруй цагдаа амь үрэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж