Ассад Барууны цохилтонд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Ассад Барууны цохилтонд бэлтгэж байна

Сирийн нийслэл Дамаск хотын захад өнгөрсөн 21-ны өдөр олон зуун хүний аминд хүрсэн химийн хорт довтолгоо хийснээс үүдэн Башар аль Ассад АНУ тэргүүтэй Барууны орнуудаас “ухамсарын” цохилт авах болоод байгаа билээ. АНУ, Барууныхан болон тэдний холбоотон Ойрхи Дорнодын улсууд химийн хорт бодис бүхий халдлагыг Башар аль-Ассадын тал хийсэн гэдэгт бат итгэлтэй байгаа бөгөөд тэдний зүгээс Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Башар аль-Ассад ч Барууныхны дайралт, довтолгоонд бэлтгэж эхэлжээ. Башар аль-Ассадын арми эхний ээлжинд Дамаск хотын төвд орших цэргийн удирдлагын төвүүд, хамгаалах армийн цэргүүдээ нүүлгэж эхэлсэн байна. Үүнд армийн удирдлагын жанжин штаб, нисэх хүчний удирдлагын байр, аюулгүй байдлын анги нэгтгэлүүд багтаж байгаа аж. “Reuters” агентлагт мэдээлснээр Башар аль-Ассадын армийн гурван том бааз байрлах Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудал орчмоос зэвсэгт техникүүд, цэргүүдийг ачсан автомашины цуваа зүүн хэсгийн Харран аль-Авамид хотыг чиглэн явж байгаа гэнэ.

Түүнчлэн Сирийн сөрөг хүчний мэдэгдснээр өнгөрсөн 48 цагийн хугацаанд Засгийн газрын цэргүүд Дамаск хотын төвд орших нэлээд хэдэн барилгаас баримт бичиг, зэр зэвсэг автомашинаар зөөвөрлөн авч явжээ. Үүнтэй зэрэгцэн Сирийн Засгийн газрын хамгаалалтын элит цэргийн анги нэгтгэл, 105-р дивиз байрлах Дамаск хотын Касиоун ууланд өдөр болгон нижигнэж байдаг их бууны нижигнээн өчигдрөөс хойш огт гарахаа больж, нам гүм болсон байна. Мөн Сомария, Моуадамия зэрэг газруудад байрлах дөрөвдүгээр дивиз, хамгаалалтын цэргүүд ч гэр бүлийнхнийхээ хамт хотоос өөр тийшээ нүүцгээжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж