Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Засгийн газрын “75”

“Нарантуул”-ын дуулиан, хичээлийн шинэ жил, таксины үнийн нэмэгдэлд дарагдаад нам жим болчихсон “Оюутолгой”-н асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд Монголын Засгийн газрын төлөөлөгчид Лондон явахаар болжээ. Тэнд “Рио-Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж ярилцах юм байна. “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд Английг зорихоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд ирэх баасан гаригт болох Засгийн газрын хуралдааны дараа ажлын хэсгийнхэн явах зорилгоо тодорхойлох гэнэ.

Далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нь зогсоосон шийдвэрийг гаргасан тус компанийн ТУЗ-ын удирдлагуудыг ч өөрчлөх асуудал яригдаж байна. Долдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын нэр дээр хаягласан захидал бичиж, “Рио-Тинто”-гийн тэвчээрийг барсан “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Ц.Сэдваанчигийг ч энэ асуудлаас болоод албан тушаалаас нь огцруулсан. Одоохондоо  хувь нийлүүлэгчдийн аль, аль нь ямар ч тайлбар хийгээгүй байгаа ч цаашдаа байдал энэ хэвээр үргэжилбэл, монголчууд энэ өвлийг бүсээ чангахан бүслэхээс өөр аргагүйд хүрэх биз.

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, нүүрснээс нь олох орлого нь хэд дахин буурч, өр зээлэндээ баригдаад байгаа хүнд үеийг нь далимдуулан “Рио-Тинто”-гийн зүгээс хийж байгаа тоглолт бүр хүндхэн цохилт өгөөд буй. Хэдийгээр гай авчирсан хуулиуддаа эргэн харж, өөрчлөлт орууллаа ч энэ өвөлдөө 53 хувиар унасан нүүрсний экспорт сэргэж, 46 хувиар буурсан гадаадын хөрөнгө оруулалт эргээд хэвэндээ орчихно гэж мөрөөдөлтгүй юм.

Нэгэн зэрэг 2000 хүнийг ажлаас нь халах шийдвэр гаргасан “Оюутолгой”-н өмнөөс Монголын Засгийн газар ямар ч тайлбар, мэдэгдэл гаргаж чадахгүй байгаа нь  эдийн засаг дахь уг төслийн эзлэх хувийн жин өндөр байгаад л хамаг учир оршиж буй. Төсвийн алдагдал нэг их наяд 500 тэрбум төгрөгт хүрч, бүх юм урвуугаа эргэчихээд байгаа энэ үед Монголын Засгийн газрыг шахаанд оруулсан “Рио-Тинто” барьцаа ахиулж байж л санаа нь амрах болов уу. Гэрээ өөрчилнө, хувиа нэмэгдүүлнэ хэмээн нэгэн цагт том дуугарч байсан улстөрчид амаа үдүүлсэн аятай байдлыг холоос ажиглацгааж сууна. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Монголын Засгийн газар ухаан муутай улстөрчдөөс болоод өнөөдөр толгойгоороо хад мөргөх нь холгүй байгаа.

Өлсгөлөн байгаа эдийн засагт мөнгө оруулах ганц суваг нь өнөөдөртөө Оюутолгойн төсөл болчихоод байгаа учраас Засгийн газар “Рио-Тинто”-гийн далд уурхайн хөрөнгө оруулалтаа зээл авч хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэд толгой дохихоос өөр боломж харагдахгүй байна.

Толгой муутай улстөрчдийн баталсан хуулиудаас болоод гадаадын хөрөнгө оруулалт 46 хувиар буураагүйсэн бол асуудал монголчуудад ашигтайгаар эргэж магадгүй юм Оюутолгойн төслөөс Монголын эдийн засагт үзүүлэх хувийн жин бага байх тусмаа монголчуудад ашигтай. Гэтэл өнөөдөр манай эдийн засгийн 55 хувийг Оюутолгой төсөл хангаж байгаа болохоор “Get out from Mongolia” гээд нүүр бардам хэлж чадахааргүй болжээ. Савны амсар нь доошоо харж, эдийн засаг эгзэгтэй байдалд орчихоод байхад Засгийн газар “Рио-Тинто”-д буулт хийж л таараа. Тэр тусмаа “75” хувиар бууж өгнө гэдэгтээ эдийн засагчид мөрийцөөд эхэлчихсэн байна лээ, цаана чинь. Гэхдээ суусан цэцнээс, явсан тэнэг дээрээ гэдэг. “Яс” зуугаад ирэхийг хэн байг гэхэв.

Цаашдаа нэг компанийн халаасанд орох уу, үгүй юу, үүнээс аврагдах аврах бүс юу байх вэ гэдгээ Засгийн газар бодолцох хэрэгтэй болжээ. Оюутолгойн Монголын эдийн засагт эзлэх хувийн жинг багасгахад анхаарахгүй бол дахид гэдэнг нь хөдөлгөчихвөл монголчууд 50 ч биш, 75 ч биш бүр зуун хувиар бууж өгч магадгүй юм. Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг уул уурхайн хамааралтай байна гэдгээ салбарын сайд нь хүлээн зөвшөөрчихөөд байхад Тавантолгойн төслийг урагшлуулахаас өөр зам Засгийн газарт алга Ингэвэл ядаж л эдийн засгийг “Рио-Тинто”-гийн  гартаа оруулахаас сэргийлэх ганц гарц нь байх болов уу.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж