Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Өрөөсөн дугуй

Гомдогсод ба жийгдэгчдийн нэгдэл гэж хэлж болохоор “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн амралтын өдрүүдэд “ажилтай” өнжлөө. Төрийн ордны их танхимд  мөнгийг нь төлж байгаад зад “хуралдайдъя” гэсэн нь бүтээгүй болохоор “UB palace”-т хоёр хоног 800 хүн цуглуулж хуралдав. Сураг сонсвол өнгөрсөн оны өдийд төв талбайд цуглаан хийж, Амлалт нэхэх ард түмний холбоог байгуулж байсан Д.Батцогт ерөнхийд нь зохион байгуулжээ. Олон жижиг бус нэг том туган дор нэгдэж эрх баригчдыг “будаа” болгох гэсэн түүний санаа юм гэнэ.  Хэдэн жилийн өмнө Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед нь л хүмүүс түүнийг таних төдий болсон. Гэхдээ салбарынхан нь л гэхээс масс бол мэддэггүй л байв. Дараа нь ҮШН-ын удирдлагад гарч ирэхэд нь ч хүмүүс анзаараагүй.  Харин талбай дээр Г.Уянга нарын хамт Амлалт нэхэх ард түмний холбоо гэж хашгирч гарч ирснээс нь хойш арай ондоо болсон байх. Гэвч өнөөг хүртэл тэр таг чиг болсон. “Ж.Батзандан О.Магнай нарын л өрөөсөн дугуй байна” гэж хүмүүс түүнд таагүй хандах болсон нь нууц биш. Тэр дахиад л гараад ирэв. Бас л “өрөөсөн дугуй”-нуудтайгаа нийлчихсэн байна. Шинэ зүйл, шинэ санаа үгнээс нь “үнэртсэнгүй”. Улиг болсон юмаа л ярьж байна. Ард түмнийг эрх баригчид танихгүй байгааг, авлига арай хэтэрсэн талаар тэр бухимдав. Сүүлийн 20 жилийн “төрийн түүхэн хүн” хажууд нь суучихсан, хэлсэн үгийг хамгийн ихээр дэмжин алгаа хорстол ташиж харагдсан. Үнэнийг зоригтой, сайхан хэллээ гэж үнэлж байгаа бололтой түүнтэй тэврэлдэж байсан гээч… “Эрж” байсан өрөөсөн дугуй нь Д.Батцогт байж л дээ.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж