
-Байгалийн хийн үнэ газрын тосны зах зээлийг дагаад өсч байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-“ОПЕК”-ийн орнууд хангалттай газрын тос нийлүүлэхгүй байна. Саяхан л гэхэд Саудын Арабын албаны төлөөлөгчид нийлүүлэлтээ нэмэхээ болилоо гэж хэлсэн. Энэ нь газрын тосны үнийг улам хөөрөгдөнө гэсэн үг шүү дээ. Газрын тос, байгалийн хий хоёр бол салахгүй ойлголтууд. Газрын тосны үнэ өслөө, байгалийн хийн үнэ дагаад л өснө.
-Тэгэхээр бид юу хийх ёстой вэ?
-“ОПЕК”-оос л бүх зүйл шалтгаалж байна. Тэнд ердөө 12-хон хүн ганц дугуй ширээ тойрч суугаад “АНУ-ыг бусниулж орхиё” гэж ярьж байна. Тэдний хувьд ийм шийдвэр гаргах нь маш хялбархан. Ер нь нарийн яривал тэд үүгээрээ дамжуулж, зөвхөн АНУ-ын тухай яриагүй. Дэлхийн бусад орон ч энэ бүхэнд хамаатай.
-Хэрэв та илүү их газрын тос үйлдвэрлэж чадахгүй бол …?
-Та энэ тоглоомонд хэн ч биш гэсэн үг.
-Энэ бүхэн нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү?
-Мэдээж хэрэг, нөлөөлнө. Газрын тосны үнэ магадгүй хэсэг хугацааны дараа буурах байх. Учир нь газрын тосны нөөц зөвхөн Ойрхи Дорнод гэлтгүй, дэлхийн бусад хэсэгт ч байгаа. Түүнийг далай тэнгисээр тээвэрлэж болно. Саудын Арабын төлөөлөгчид юу гэж хэлэхийг та сонссон уу. Тэд “Зах зээл рүү гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн хэтэрхий их боллоо” гэсэн. Ингэж хэлж байгаа хүмүүс америкчуудын найз байж чадах уу. Үгүй, тэд бидний найз биш.
-Газрын тосны өөр нөөц хаана байна вэ?
-Бид Ирак руу хөдөлсөн. Ирак бол газрын тосны асар их нөөцтэй улс. Бид тэнд энхийг сахиулах ажиллагаанд 1.5 их наяд ам.доллар зарцуулсан. Тэр мөнгөөр бид АНУ-ын талтай тэнцэх нэг улс босгоод ирж чадах байсан. Бүхэл бүтэн 1.5 их наяд ам.доллар гэдэг их мөнгө. Хэрэв Иракийн дайнд бид ялбал хүссэн зүйлээ авч чадна.
-Тэгээд газрын тосны томоохон талбайнуудыг хамгаалахын тулд хэдэн мянган цэрэг гаргах шаардлагатай болно гэсэн үг үү?
-Уучлаарай. Асуудал зөвхөн үүгээр дуусахгүй.
-Тэгэхээр товчхондоо, бид иракчуудаас газрын тосыг нь хулгайлж байгаа юм уу даа?
-Үгүй ээ, бид хулгайлаагүй. Тэндээс юуг ч эзнийх нь зөвшөөрөлгүй аваагүй. Бид зүгээр л 1.5 их наяд ам.доллар зарцуулсныхаа нөхөн төлбөрийг авах гэж байна.
-АНУ-ын эдийн засаг ойрын хугацаанд хэрхэх бол?
-АНУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шинэчлэлд зориулж нэлээд хөрөнгө хаях гэж байна. Гэтэл ингэснээрээ төрийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд тавих анхаарал, халамжаа бууруулж байгаа гэсэн үг. Бодит үнэн нь ийм л байна. Хятадын эрх баригчид 300 тэрбум ам.долларын ашиг олж байхад америкчууд юу ч хийж чадсангүй. Хятадууд манай ажлын байрыг булааж байна. Үүнээс болж АНУ-ын эдийн засаг хүнд байдалд орсон. Хэрэв байгалийн хийн үнэ нэг галлон нь 5-6 ам.долларын хооронд хэлбэлзвэл ойрын хэдэн сарын турш манай эдийн засагт эергээр нөлөөлнө. Нэг галлон нь дөрвөн ам.доллар хүрнэ гэдэг бол худлаа. Тэр бол хэтэрхий хямд үнэ. Ямар ч гэсэн байгалийн хийн үнэ буурч гэмээнэ бид эдийн засгийн асуудлуудаа илүү хялбар шийдэж чадна.
-Хятадын компаниудад ноогдуулах татварын хэмжээг нэмэх тухай таны санал Хятадын эдийн засгийг маш хүнд байдалд оруулна гэж дүгнэх шинжээч цөөнгүй байгаа?
-Би тэгж дүгнэж байгаа хүмүүсийн талаар тайлбар хиймээргүй байна. Харин өөрийнхөө гаргасан саналыг тайлбарлаж болно. Хятад улс зөвхөн энэ онд л гэхэд 300 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Хятадын бараа, бүтээгдэхүүн Америкийнхаас хямд өртөгтэйгөөр зах зээлд гарч байна. Энэ нь тэдний өрсөлдөх чадварыг сайжруулсан. Гэхдээ ийм нөхцөл байдал зах зээлийн шударга өрсөлдөөнөөр бий болоогүй. Хятадын Засгийн газар юанийн ханшийг ам.доллараас хүчээр уясантай бүх зүйл холбоотой. Одоо бид яагаад өөрсдийн боломжийг ашиглаж болохгүй гэж. Бид зүгэээр л өөрсдийнхөө мөнгийг авна.
-Би Америкийн компаниудыг дэмжихийг хүсдэг. Гэтэл дэлгүүр ороод зурагт худалдаж авлаа гэж бодоход ихэнх нь Өмнөд Солонгос, Хятадад үйлдвэрлэсэн бараанууд байдаг. Бид өмнө нь Өмнөд Солонгосчуудыг хамгаалж, тэдэнд туслах зорилгоор агаарын цэргийн хүчнээ явуулж байсан. Бид Хойд Солонгосын дайралтаас тэднийг аварч, олон зуун сая ам.долларын тусламж үзүүлсэн. Өмнөд Солонгосчууд энэ бүхнийг бидэнд эргүүлэн төлөөгүй. Ийм үед бид юу хийж, юу бодох ёстой гэж. Утгагүй хэрэг. Үүнтэй адил Хятадын компаниуд бидний мөнгийг авчихаад эргүүлж өгөхгүй гэж гүрийж байна.
-Тэгэхээр одоо яах вэ?
-Та төсөөлөөд үз дээ. Одоо АНУ-д үйлдвэрлэсэн зурагт үздэг хүн байна уу. Байхгүй. Тийм хүнийг хаанаас ч олохгүй. Бүх зурагт Хятад, Япон, Өмнөд Солонгосоос ирж байна. Зөвхөн зурагт гэлтгүй, бусад бараа, бүтээгдэхүүн ч үүнд хамаатай. Би энэ бүхнийг өөрчлөхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин