
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн баасан гаригт бүхэлдээ шатаж, нэг хүний амь эрсдэн, 300 гаруй түрээслэгч хохироод байгаа билээ. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Л.Батгэрэл, Д.Дамдинсүрэн нар хяналт тавин ажиллаж эхлээд байгаа аж. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж, 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан гэрчүүд болон “Нарантуул” ОУХТ-ийн удирдлагууд, менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах зэрэг мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагаануудыг цаг алдалгүй шуурхай явуулж байгааг УЕПГ-аас мэдээллээ.
Одоогоор хэргийн газрын үзлэг явуулж байгаа боловч галд хамрагдсан обьектийн талбайн хэмжээ том, агуулахад хохирогчдын маш их хэмжээний бараа байгаа бөгөөд түүнийг тоолох, хохирлыг тогтоох зэрэг ажиллагааг явуулж байгаа тул хэргийн газрын үзлэг үргэлжилж байгаа юм. Мөн УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийн тушаалаар хэргийн газрын үзлэг хийх УМБГ-ын 20 мөрдөн байцаагч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн дарга нарын тогтоолоор томилогдсон 21 мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Цагдаагийн тасгийн байранд уг хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн аж ахуйн нэгж, түрээслэгч нарыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
Д.ЖАРГАЛ