ТЭЦ-5-ын тендерийн гурван худал, нэг үнэн

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

ТЭЦ-5-ын тендерийн гурван худал, нэг үнэн

ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумын талаарх гурван худал, нэг үнэн

Сайн мэдээ гэвэл өчигдөр Засгийн газраас ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумыг зарлаж, улсын маань нийслэл Улаанбаатар хотынхоо эрчим хүчний ирээдүйг даатгах нэгнийг тодрууллаа. Тэр нь “IP Suez” консорциум. Муу мэдээ гэвэл, тендерийн дүн яг бодитоор, тодруулбал Монголын талд ашигтай гарч чадсан уу, манай талыг олон удаа молигодсон “IP Seuz”-д ТЭЦ-5 төслийг даатгах нь зөв үү гэсэн асуултын хариу өнөөдөр ч тодорхойгүйн дээр олон эргэлзээ дагуулж байгаа нь хачирхалтай. Энд бид хоосон таамаг, хий гүтгэлэг дайхыг хүссэнгүй. Харин дараахь хэдэн баримт улсын нийслэл Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны асуудлыг үнэхээр зөв компани, үнэн шударгаар авсан уу гэдэгт хариу болж мэдэх юм.

Худал №1 буюу арван хувийн нэмэгдэл

Та бидний ажил, амжиргаа, нийгмийн асуудлыг шийдэх мөнгөний тодорхойгүй хувь нь ТЭЦ-5-ын төсөл рүү хуудуутайгаар орох нь тодорхой болов. Бодит өртгөөс арван хувийн нэмүү тариф санал болгосон “IP Suez” эхний ээлжинд ялаад байна. Гэвч энэ бүхнийг тэд тун цэвэрхэн байдлаар өнгөлөн далдалжээ. Үнэн хэрэгтээ, өнгөн дээрээ “IP Suez”-ийн санал болгосон үнэ “Самсунг” консорциумынхаас үл ялиг бага байсан. Дэлхийд тэргүүлэгч, дэлхийн бизнесийн дэг жаягийг ном ёсоор дагаж дадсан “Самсунг” консорциум RFP загварын дагуу цахилгаанын үнэ болон дулааны үнийг хоёуланг нь багтаасан үнийн санал өгсөн бол, “IP Suez” үнийн саналдаа зөвхөн цахилгааны үнийг л багтаажээ. Мэдээж энэ тохиолдолд тэдний үнийн санал хямдхан санагдахаас яахав. Гол нь үүнийг башир аргаар аргалах гэж оролдсон нь, тендерийг шалгаруулах баг үүнд нь унаж бүдэрсэн нь хачирхалтай санагдаж байгааг нуух юун. Олон улсад тендер шалгаруулах аль ч журмыг хараад үзсэн, энэ нь хориотойн дээр тун бохир арга болох нь тодорхой. Тэр ч бүү хэл, эцсийн шатанд тунаж үлдсэн хоёр консорциумыг RFP тендерийн удирдамжинд цахилгаан болон дулааны үнийг нэгтгэж өгөх ёстой гэсэн заалт байсаар байтал энэ оны тавдугаар сард хоёр консорциум хамгийн сайн үнийн саналаа өгөх үеэр “IP Suez” консорциумын тариф “Самсунг”-ийнхаас даруй 10 хувийн өндөр байсныг энд дурдах хэрэгтэй. Харамсалтай нь арван хувийн энэ нэмэгдэл далд утгаараа таны, миний халааснаас гарна гээд бод доо.

Худал №2 буюу хөрөнгө оруулалт болон татварын ташаарал

Энэ сарын 15-нд Засгийн газрын ордонд болсон уулзалтын үеэр “IP Suez”-ийн хөрөнгө оруулалтын зардал нь “Самсунг” консорциумынхаас даруй 50 сая ам.доллараар өндөр үнэтэй байсан нь олонд ил болсон. Гайхмаар нь яаж хөрөнгө оруулалт нь өндөр мөртлөө өртөг нь хэрхэн “хямд” байж болдог байна аа. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус компани нэгдүгээр шатны тендерт татварыг тарифдаа оруулаагүй аж. Нийт хөрөнгө оруулалт, татвар, дулааны тариф зэргийг оруулаад “IP Suez”-ийн тариф арван хувиар өндөр байвал 25 жилийн дотор монголын ард түмэн 600 сая ам.долларыг нэмж төлөх шаардлагатай болох аж. Энэ ч их мөнгө шүү. Ийм тохиолдолд энэ хэлэлцээрийг нэн даруй зогсоож сайн санал өгсөн дараагийн консорциумтай хэлэлцээрийг эхлүүлэх эрх нь засгийн газрын хувьд одоо ч нээлттэй.

Худал №3 буюу зуухны найдвартай байдал

Албан ёсны бус ч гэсэн өөрсдийгөө ТЭЦ-5-ын ялагч хэмээн зарлуулж буй “IP Suez” консорциум нэгдүгээр шатны тендерт өрсөлдөгч нь болох “Самсунг” консорциум дэлхийд тэргүүлэгч “Foster Wheeler”-ийн зуухыг ашглахыг мэдчихээд хамгийн сүүлийн сайн үнээ хэлэх үеэр гэрээндээ гэнэт л өөрчлөлт оруулан, “Foster Wheeler” буюу түүнтэй дүйцэхүйц чанар бүхий зуух ашиглана гэсэн байсан. Гэвч тун удалгүй тус компанийнхан “Foster Wheeler”-тэй холбоо ч бариагүйн дээр ядаж л гурван сарын өмнө үйлдвэрлэгчтэй нарийн тохиролцож, гэрээ байгуулаагүй нь ил болж татвар төлөгч бидний итгэлийг дахин хөсөрдүүлэв. Харин эсрэгээр цахилгаан станцын зуухны зах зээлд цоо шинээр орж ирж буй “Hyundai heavy industry”-ийн зуухыг хэрэглэхээр төлөвлөсний сацуу, тус компанитай маш хатуу гэрээ хийж монголчууд биднийг туршилтын туулай болгох далд санаа агуулсан байж ч мэдэх баримтууд ч бидэнд бий.

“Foster Wheeler” компани дэлхийн цахилгаан станцын зуухны зах зээлд зуу орчим жил үнэмлэхүй  манлайлж ирсэний дээр нийт зах зээлийн 92 хувийг эзэлдэг энэ компанитай эн зэрэгцнэ гэдэг нь боломжгүй зүйлсэн. Гэвч “IP Suez” компанийн дээрх хуудуутай явуулгыг тендер шалгаруулагчдын хэн ч тоогоогүйн дээр, ТЭЦ-5-ын тендерээ зүгээр шахам бэлэглэж, бас нэг муу мэдээний тоог нэгээр нэмэх магадлал өндөр байна.

Цорын ганц үнэн!

“IP Suez” консорциумынхан тоглоомын дүрмийг өөрсдийн талд тун ашигтайгаар шийдүүлж чадсаны дээр, Улаанбаатар хотын цахилгаан, эрчим хүч, дулааны системийн зүрхэн тус газар бууриа засан бууж ирэх нь. Будлиантайг нь мэдсээр байж бузгай том төслөө өгсөн нь цорын ганц үнэн болой. Буцаад юу ч үгүй хоцрохын цаана хэнээсээ бид асууж сураглах вэ? Дахиад таван жил, эсвэл арван жил хүлээх үү?

С.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж