
Оюутнууд тангараг өргөж болно. Гэхдээ юуны тулд, яах гэж тангараг өргөх байгаагаа мэдэхгүй ёс төдий оролцох оюутнууд олон байна гэдэгт би лав эргэлзэхгүй. Уг нь хэн хичээлтэй, сайн сурсан нь өөрт нь хэрэгтэй болохоос хэн тангараг өргөсөн өрөөлд хамааралтай асуудал биш. Чингисийн талбайд ёсолсон оюутнууд байтугай төрийн ёсөн хөлт цагаан тугнаас адис авсан улстөрчид хүртэл эрх ашиг, хөрөнгө мөнгөний төлөө жинхэнэ зорилгоо умартах нь байдаг л үзэгдэл болсон. Тэглээ гээд тэдэнтэй хэн ч хариуцлага ярьж, тооцож байгаагүй. Тэгэхээр ёс төдий тангарагтаа үнэнч бай гэж өнөөдрийн оюутнуудыг шахах эрх хэнд ч байхгүй гэсэн үг.
Тангаргийн ёслол шинэ оюутнуудын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болно гэдэг нь тодорхой. Тэглээ гээд тэд тангарагтаа үнэнч байлаа юу. Өргөсөн тангарагтаа үнэнч байгаа нь өнөөдөр хэд байгаа бол. Үнэнч байгаагүйн төлөө үүрэх хариуцлага ч гэж тэдэнд байхгүй нь ойлгомжтой. Тооцохгүй нь бүр тодорхой.
Өнгөрсөн хоёр жилийн үйл явцаас харахад оюутны тангаргийн баяр талбайн шоу төдийхөн болоод өнгөрдөг нь худлаа биш. Уг нь хэн яаж сурах, хичээлдээ хэрхэн хандах нь хувь хүний асуудал. Сайхан амьдаръя гэвэл сайн мэргэжилтэн болох хэрэгтэй. Сайн мэргэжилтэн болъё гэвэл сайн сурах хэрэгтэй.
МОХ гэж нэг байгууллага бий. Оюутнуудынхаа эрх ашиг гэхээсээ ажиг хонжоо хайдаг, мөнгө олдог, шантааж хийдэг байгууллага болсон. Болохгүй нэгнийг дарамтална сүрдүүлнэ. Бүр нэр хүндэд нь халдана гэж айлгана.
Энэ хичээлийн шинэ жилээс оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг халж магадгүй гэх яриа гараад байгаа. Эл яриа үнэн бол эдийн засагт маш том дэмжлэг болно. Сардаа 11, жилдээ бараг 130 шахам тэрбум төгрөг оюутнуудын гараар орж, архины мөнгө болоод дуусч байгаа. Шантааж, сүрдүүлгээр гаршсан оюутнуудын эсрэг ийм том “нүгэл” үйлдэж чадах эр зоригтой УИХ-ын гишүүн байгаа бол түүнд баяр хүргэх нь зүйн хэрэг биз. Гэхдээ сав л хийвэл хошуу дэвсээтэй улстөрчид оюутны тэтгэлгийг халж чадна гэдэгт эргэлзэж байна. Учир нь хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэх үеэр оюутны холбооны ихээхэн эсэргүүцэлтэй нүүр тулж болзошгүй. Жалга довоороо нийлсэн оюутнууд жагсаал, цуглаандаа ч хүрч магадгүй. Монголд өнөөдөр хамгийн но-той, тэнэг байгуулага оюутны холбоо болчихоод байгаа. Тэдний зохион байгуулж байгаа тангаргийн баярт оролцохоос сайд дарга нар уг нь ичих ёстой. Эдийн засагт нь шийдвэрлэх олон асуудал байхад ингэж явах нь сайд нар завтай л байгаагийн шинж болов уу.
Тангаргийн ёслолд оролцлоо гээд улс орны байдал сайжирчихгүй нь л тодорхой шүү дээ. "Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэдэг.
Харин энэ арга хэмжээний дараа энд тэндийн баар, цэнгээний газрын орлого эрс нэмэгдэж, эрүүжүүлэхийнхэн ачаалалаа дийлэхгүй байж магадгүй. Замын түгжрэл ч замбараагаа алдах тодорхой. Эцэст нь энэ тангаргийн ёслол маань тасартлаа уух шалтгаан болчихгүй байвал яамай даа.