Буурал тив сэргэж, шар тив тэвдэв

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Буурал тив сэргэж, шар тив тэвдэв

АНУ-ын эдийн засгийн дүн мэдээлэл эерэг гарч, эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлж байхад Азийн хөрөнгийн зах зээл ганхаж, хувьцаанууд унаж эхэлсэн. Энэ бол одоогоос хоёр долоо хоногийн өмнөх үйл явдал. Харин өнгөрсөн долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл сэргэх хандлага ажиглагдлаа. Тодруулбал, Nikkei хувьцаа 2,21 хувиар,  KOSPI индекс 1,14 хувиар, Bombay Sensitive 30 индекс 1,13 хувиар тус тус өссөн байна. Энэхүү өсөлт энэ сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэж судлаачид таамаглаж байна. Харин иений ам.доллартай харьцах ханш бага зэрэг унасан бол Индонезийн рупи 2,24 хувиар унасан гэсэн мэдээлэл тархаад байна. Энэтхэгийн томоохон компаниудын хувьцаа 0,4-1 хувиар өссөн бол Шанхай Композит Индексийн хувьцаа 0,47 хувиар унажээ.

АНУ-ын эдийн засгийн төлөв байдал сэргэх хандлага ажиглагдаж байгаа. АНУ-ын ажилгүйдэл багасч, ам.долларын ханш чангарч, эдийн засгийн өсөлт нь тогвортой байж, гадаад худалдааны алдагдал 10 гаруй хувиар буурсан. Энэ мэдээлэл цацагдахын хэрээр Азийн хувьцаанууд доголдох хандлага ажиглагдаж байгаа юм. Ирэх есдүгээр сард АНУ-ын эдийн засгийн төлөв байдлын мэдээ цацагдахад Азийн хувьцаанууд дахин ганхана хэмээн мэргэжилтнүүд тааварлаж байгаа юм. Энэ оны сүүл гэхэд АНУ-ын эдийн засгийн төлөв байдал өсөлттэй гарна гэсэн ерөнхий судалгаа гарчээ.

Европын холбооноос сайн мэдээлэл ирсээр байна. Сүүлийн 26 сарын туршид Европын бизнесийн орчин байнга уналттай гарч байсан бол өнгөрсөн долоо хоногт 51,7 функтэд хүрч шинэ амжилт тогтоолоо. Ирэх сард ч гэсэн энэ байдал хадгалагдана хэмээн таамаглаж байна. Европын хэмжээнд ажилгүйдэл багасч, эдийн засгийн өсөлт алгуурч гэсэн өсч байгаа. Иргэдийн хадгаламж Европ даяар нэмэгдэж, банкинд итгэх итгэл нь сэргэж байна. Испани болон Португалийн эдийн засаг 0,3 хувиар өсч, Европын төв банк болон ОУВС-нд төлөх өрөө хугацаандаа төлж чадахаа тус хоёр улсын Сангийн сайд нар амлав. Гадаад худалдааны индекс нь 8 хувийн өсөлттэй гарч сүүлийн жил хагасын туршид үзүүлээгүй амжилтаа үзүүллээ. Гэхдээ энэ оны сүүл хүртэл энэ байдлаа хадгалах нь хэцүү асуудал. Учир нь Грек, Кипр зэрэг улсын байдал дээрдэхгүй байгаа, мөн Франц болон Герман улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн сараас унасан зэргийг үндэслэн мэргэжилтнүүд болгоомжлох ёстой гэсэн мэдээллийг ирүүлээд байгаа юм.

Уул уурхайн компаниудын хувьд энэ жил дахин дурсахааргүй өнгөрч байна. “Рио Тинто” компани 10 гаруй хувийн алдагдал хүлээж, төмрийн хүдрийн олборлолтоо түр хугацаанд зогсоогоод байгаа. Үүнд энэ жилийн түүхий эдийн зах зээл тогтворгүй байсантай холбон тайлбарлаж болох талтай. Ирэх 2014 оны дунд хүртэл энэ тогтворгүй байдал үргэлжилнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. “BHP Billiton” болон Латин Америкийн уул уурхайн компаниуд ч алдагдал хүлээх байдалтай нүүр тулгараад байна. Зөвхөн энэ шалтгаанаас болоод Чили болон Австралийн эдийн засгийн өсөлт сааралттай гарсан юм. Австрали улс эдийн засгийн төрөлжилтөд анхаарч, эдийн засгийг олон тулгууртай болгох талаар яриа хөөрөөгөө эхлүүлж, ирэх сард болох сонгуулийн сурталчилгаа ч үүн рүү чиглэж байна. Мэргэжилтнүүдийн судалгаанаас харвал энэ жил уул уурхайн компаниуд алдагдлаа нөхөж чадахгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Энэ долоо хоногт олон улсын төв банкуудын захирлын хурал үргэлжилнэ. Мөн хойд болон өмнөд Солонгос Кесоны талаар дахин зөвлөлдөнө. Япон улсын Засгийн газар эдийн засгийн төлөв байдлын талаар олон нийтэд мэдээлэл хийнэ. Хэдийгээр Европоос сайн мэдээлэл ирж байгаа ч АНУ-ын эдийн засгийн таатай мэдээллүүд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. Хэрвээ энэ жилийн эцэс хүртэл буурал тив энэ сайн мэдээллээ хадгалж чадвал сүүлийн жил хагасын туршид үзүүлээгүй таатай үзүүлэлт гарна. Гэхдээ Франц, Герман гэсэн хоёр том зах зээлийн эдийн засгийн мэдээллүүд тийм ч таатай бус хэвээр байна.

Б.СҮХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж