
Тендерт шалгарсан “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл, “Оюутолгой” ХХК-ийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Жонсон нар хамтын ажиллагааны гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зуржээ.
“Оюутолгой” төслийн талбайгаас Гашуунсухайт хүртэл тавих хатуу хучилттай зам нь олон улсын стандартад нийцсэн, тээвэрлэлтийн даацыг хангахуйц жишиг, чанартай болно хэмээн гүйцэтгэгч компанийнхан амлаж байна. Уг замын хатуу хучилтын өргөн нь найман метр, зузаан нь 12 сантиметр байх юм. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн төдийгүй манай улсын стандартаас долоон сантиметрээр илүү байгаагаараа давуу үзүүлэлттэй байгаа юм.
Оюутолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг тавих төсөлд 320 гаруй хүнийг ажиллуулахаар болжээ. Шинэ зам барихтай холбоотойгоор дахин 100 гаруй хүний ажлын байр бий болох аж. Замын ажилд оролцох хүмүүсийг мөн л орон нутаг, нийслэл, бусад аймгаас сонгон шалгаруулах ажээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан Оюутолгой ордынхоо буянд хамгийн сайн замтай холбогдсон азтанууд болж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Оюутолгойгоос Гашуунсухайтыг чиглэсэн хатуу хучилттай, 96.8 километр зам ирэх оны сүүлчээр ашиглалтад орно. Энэ зам ашиглалтад орсны дараа тухайн орон нутгийн хөгжилд ямар өөрчлөлт орсон байхыг төсөөлөхөд ч таатай. Тиймээс манай сонин энэ талаар эргэн сурвалжлах болно.
“Зам тавих ажилд өмнөд хөршийнхөн түлхүү ажиллаж байна, монголчуудаа ажилд авдаггүй” гэх зэрэг шүүмжлэл гарах нь олонтаа. Дэлхийн стандартад нийцсэн энэ замын ажлыг монголчууд өөрсдөө барих гэж буй нь бүр ч бахархууштай. Энэ талаар “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нарангэрэл ярихдаа “Автозам барих төсөлд манай компанийн 400 гаруй хүн ажиллана” хэмээсэн юм.
-Говийн бүсэд олон улсын стандартын дагуу автозам барих гэж байгаа юм байна. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс ямар шаардлага, шалгуур тавьсан бэ?
-Төслийн талбайгаас Гашуунсухайт хүртэлх 96.8 км автозамын 46.4 км-ийг манай компани барина. Замын ажлын гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа. “Оюутолгой” ХХК хамтран ажилладаг, ханган нийлүүлэгч компаниуддаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, гүйцэтгэх ажил нь олон улсын стандартад нийцсэн байх шаардлага тавьдаг. “Монроуд” компани үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр “Оюутолгой” компанийн шалгуур, стандартын дагуу ажлаа гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
-Автозамыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Замын стандарт, чанарын үзүүлэлтийн талаар тодруулна уу?
-Замын ажлыг энэ оны тавдугаар сард эхэлж, ирэх оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн. Энэ замын хатуу хучилтын өргөн найман метр, хучилтын зузаан 12 см. Хучилт хоёр үетэй, дороо цементээр бэхжүүлсэн дайрган суурьтай, хүнд даацын ангилалд багтана. Ер нь замын хучилт маш нарийн, өндөр хийцтэй. Чанар, стандартын үзүүлэлтээрээ олон улсын жишигт нийцсэн, Монголын стандартаас давуутай. Ийм өндөр зэрэглэлийн зам барихын тулд манайх стандартаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. “Монроуд” ХХК энэ өөрчлөлтөд бэлэн. Учир нь бид олон улсын чанарын удирдлага, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
-“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад өмнө нь оролцож байсан уу. Энэ удаа зам барих төсөлд хэчнээн ажлын байр бий болох вэ?
-Манай компани “Оюутолгой” төслийнхөнтэй жил гаруй хугацаанд хамтран ажиллаж, туршлагатай, чадавхитай боллоо. Оюутолгойгоос Гашуунсухайт хүртэлх автозамын төсөл нь манай гүйцэтгэж буй тав дахь ажил. Өнгөрсөн жил Оюутолгойн нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өнөө жил мөн нисэх онгоцны буудлыг олон улсын жишигт нийцүүлэх ажлын тендерт материалаа бүрдүүлж өгсөн. Эцсийн шалгаруулалт нь ирэх аравдугаар сард болно. Ажиллах хүчний хувьд замын төсөл дээр 300 гаруй хүнтэй баг ажиллана. Нэмж 100 гаруй хүн ажилд авна. Тэднийг сонгох шалгаруулалт удахгүй эхэлнэ.
Ийнхүү Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж, түүнийг даган дэд бүтцийн хувьсгал гарч эхлээд байна. Их бүтээн байгуулалт, шинэ ажлын байр бий болгох, дэлхийн жишигт нийцсэн анхны авто зам энэ бүхэн хөгжлийн шинэ үе ирснийг харуулж байна. Монголчууд, уул уурхайн бүтээгдэхүүнээ олзворлох, боловсруулахад оролцоод зогсохгүй баялгаа дэлхийн зах зээлд гаргахад нэн чухал их хөгжлийн замаа өөрсдөө барьж байгуулж эхэллээ. Үүнээс том бахархал гэж юу байхсан билээ. Монголын ирээдүй, үр хойчид маань үнэлж баршгүй өв, зуун дамжин үлдэх Монгол дахь Оюутолгойн зам Дэлхийн стандартад нийцсэн анхны монгол зам. Энэ замыг монгол хүн бүр сайн үг, сайхан сэтгэл, цагаан сүүгээрээ мялаах учиртай.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин