
Ливаны хойт хэсгийн хот болох Триполи хотод хүчтэй дэлбэрэлтийн улмаас 42 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн гэмтжээ. Энэхүү дэлбэрэлт 1990 онд эцэс болсон иргэний дайнаас хойшхи хамгийн хүчтэй дэлбэрэлтээр бүртгэгдсэн байна. Сири улстай хил залгаа байдаг тус хотод Муслимын шашны суннитууд оршин суудаг хот юм. Одоогоор дэлбэрэлтийг ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд эрх баригчид суннитууд үйлдсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Одоогоос яг долоо хоногийн өмнө Ливаны нийслэл Бейрутэд шийтийн урсгалынхан бөмбөг дэлбэлж, 27 хүн нас барсан юм. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Ойрхи дорнодын улсуудад байдал хурцдах төлөв ажиглагдаж байна. Бид энэ асуудлыг аль болох энхийн замаар шийдэх хэрэгтэй. Жирийн иргэд үл ойлголцох байдалд ямар ч буруугүй. Тиймээс эрх баригчид энэ байдлыг эцэс болгоход анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барагсдын тоо цаашид ч өсөх магадлалтай бөгөөд цогцосуудыг таниулах ажил ид өрнөж байгаа аж. Бейрутын төв эмнэлэгт маш хүнд байдалтай 20 гаруй хүн хүргэгдсэнийг албаныхан баталж байгаа юм.