Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Дарьганга…
Дарьганга гэж дуудахад ямар нэгэн хөгжмийн ая дуурсах. Хаа нэгтээгээс
хүлэг морь үүрсэх шиг. Гэгээн наран мэлтэсхийгээд мандах мэт. Гэгэлгэн
аялгуу хоолой даван уянгалах. Нэг л тийм, гэгээн уянга мэдрэгддэг билээ.

Дарьганга бол хүлгийн хурд шалгах ээрэм их тал. Наран бөмбөлөг
дүрэлзэн мандах шаргал гэгээний орон юм. Дарьганга бол тал хүн хоёр
уусан долгилох өвсний эх орон. Энгээрээ эмжсэн элдэв цэцэгсийн хүрээлэн
юм. Дарьганга бол догшин салхи долгилон номхрох хүй мандал. Эрчилсэн их
долгисыг их талаараа дүүрэн цацсан эрчимт сансар юм.

Дарьганга
бол Инжээноровын Жаахан Шарга. Ижилгүй уран дархчуудын эртний их урлан
юм. Ижийгээсээ харьд унасан ч, язгуур луугаа тэмцэн гүйх хүлэг морьдын
эх орон. Дарьганга бол чулуун хөргүүдийг чуулаасан ихэсийн оюун-сүнсний
өлгий. Жигүүрт хүлгээс угшилтай ижилгүй хурданыг гаршаасан адуун сүргийн
диваажин.

Дарьганга бол өвсөн жимбүүрээр өдөржин шөнөжин хайлах
их найрал хөгжим. Өөрөөсөө ундраад хий ертөнцийг бүтээх эгшин. Алжаал
ядралыг умартуулах бүүвэйн уяхан дуу юм. Дарьганга бол хаа холын газраас
сэтгэл мэлмэрэн зорих төрсөн гэр. Сэтгэлд уянгалах уртын урт аялгуусын
орон – Дарьганга.

О.МӨНХНАРАН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж