
АНУ-ын Тагнуулын төв агентлагийн олон мянган нууц материалыг задруулсанаас болж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад буй Эдвард Сноуденд ОХУ-ын талаас түр орогнол олгосон билээ. АНУ-ын талаас Эдвард Сноуденийг хэрэгтэн хүлээлгэн өгөх олон улсын хуулийн дагуу өөрийн талд шилжүүлэн авах хүсэлтэй байсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүний эсрэг шийдвэр гаргаад буй юм. Энэ хэргээс үүдэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай “Их 20” /G-20/-ын чуулга уулзалтаас өмнө Москва хотноо хийхээр товлоод байсан уулзалтаа цуцлах арга хэмжээ аваад байсан аж. Тэгвэл Нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обама ирэх долоо хоногт ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Их 20”-н орны чуулга уулзалтанд оролцох тухай АНУ-ын “Цагаан ордон”-оос мэдээлжээ. Ийнхүү хоёр орны Ерөнхийлөгч ирэх есдүгээр сарын эхээр болох “Их 20”-н орны чуулга уулзалтын үеэр уулзах нь тодорхой болсон байна.
Б.АНХТУЯА