Н.Энхбаярын тэмцлээс ”Цус” үнэртэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын тэмцлээс ”Цус” үнэртэж байна

Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын тэмцэл цус, нулимс, хорсол, айдас дагуулж эхэл­лээ. Нэгэн цагт Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч байж Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн дарга бай­сан түүний намтар энэ цаг үеэс эхэлж шинээр би­чигдэх нь. Н.Энхбаярыг хам­­гийн мундаг нь хэмээн ит­гэж байсан монголчууд өнөө­­дөр түүний өдүүлсэн бал­гаас үүдэн пролетарын хувьс­галын золиос болох цаг ойр­хон байна.  В.И.Лениний төрсөн өдрөөр эхлүүлсэн Ард түмний их хуралдайгаас ард түмний шүүх байгуулах тухай шийдвэр гаргаж.  Шийдвэрийг хэн гаргасан бэ гэвэл Н.Энхбаяр. Тэд хэнийг шүүх вэ гэвэл Н.Энхбаярын дургүй хүмүүсийг шүүх гэнэ. Бас тэдний өдөөж хатгаж байгаа үг бүхний ард “цус” үнэртэх шиг болж байна. Тэд ард түмнийг зэвсэгт мөргөлдөөнд уриалан дуудаж эхэллээ.  

 Ард түмний их хуралдай гэгчдээ хэлсэн үгэндээ тэрбээр  “Даран­гуйллыг устгахын тулд эр зориг, эрдэм боловсрол, мэдлэг туршлага аль, аль нь хэрэгтэй. Монголын ард тү­мэнд энэхүү эр зориг нь ч бай­на, эрдэм боловсрол нь ч байна, мэдлэг туршлага нь ч байна. Энэ танхимд  ард түмний тэмцэл хийхэд бага­даж байна. Тийм учраас улс орноо, монгол хүнээ гэсэн ядуу­рал, ажилгүйдэл, авлига хээл хахуулийн эсрэг шударга тэмц­лээ эрэлхэг зоригтой Сү­хийн талбайд эвлэлдэн нэгдэж үргэлж­лүүлэхээс өөр аргагүй” хэмээн онцолж. Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайд тэднийг угтаж авах “эх орончид” нь “Гал үндэстэн” холбооныхон. Тэдний тэргүүнд яваа Онги гол хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаярт Н.Энхбаярын хөөргөөд байгаа  тэр тэнэг “эр зориг” нь байгаа.  Байгаа учраас тэр гэгээн цагаан өдрөөр бусдын эд хөрөнгө рүү буудаж чадсан юм.  Эрх чөлөө,  гэхдээ бусдын эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгэмд хөршийнхөө эд хөрөнгийг юман чинээнд үзэхгүй байгаа тэрэнд итгэх хэрэггүй.   Хамтран зүтгэгчид ч мөн адил.  Тэдэнд алдах юм байхгүй. Эрхэмлэн хайрлах,  нандигнан дээдлэх,  бус­дын хийж бүтээснийг үнэлэх чадвар байхгүй. Харин яг одоо л Н.Энхбаярт ийм эр зориг юу юунаас ч илүү хэрэгтэй байгаа.
 
Итгэл үнэмшлийнхээ хувьд тэд нь “Дээрэм бол хувьсгалт тэмцлийн нэгэн хэрэгсэл мөн. Бид ядуу байхад бусад нь сайхан амьдарч болохгүй” гэсэн зарчмыг баримтлагсад. Гэвч тэд Н.Энхбаярыгаа  мөнөөхөн  баян чинээлгүүдээсээ ямар үндэслэлээр салгаж бодоод байгаа нь ойлгомжгүй хэрэг.
“Энхбаяр”  хэмээх зургаахан үсгэнд багтах тэр хүн  үхэн үхтлээ  “Монголыг тайван байлгахгүй” хэмээн ам андгай өргөсөн бололтой юм. Түүний тэмцлийн золиос нь Монголын ард түмэн байх учраас Н.Энхбаярын үйлдлийг зөвтгөх шалтгаан нэгээхэн ч үгүй. Хамгийн аймшигтай нь тэр Ардчилсан Монгол Улсад төрсөн В.И.Лениний хойд дүрээр өөрийгөө тодруулчихсан байна. Дэргэдээ бас Чингисийн “хойд дүр”-ийг ч суулгачихсан сураг дуулдсан. Тэр нь Чингис хаан академийн тэргүүн гэх П.Давааням. “Ленин, Чингис хоёр нийлж байгаад Монголыг цэвэрлэнэ” хэмээн ухуулах нь холгүй тэдний жүжиглэлт ядарсан ард түмнийг пролетарийн төлөөлөгч болгон хувиргав. Тэдний хүчийг ашиглан дээрэм хийх нь тэдний гол зорилго. Ленин багш нь “Дээрэм бол хувьсгалт тэмцлийн нэгэн хэрэгсэл юм” гэж хэлсэн болохоор арга ч үгүй биз.

Н.Энхбаярын хувьд Монголын төрийг 2000 оноос эхэлж өөрийнхөөрөө удирдаж, өөрийнхөө дургүй бүхнийг нухчин дарж, цээжийг нь харлуулж ирсэн түүхтэй. Түүнд хуучин хэвлэх үйлдвэрээс эхлээд нуун дарагдуулсан, бусдаас булааж авсан хангалттай их хөрөнгө бий. Гэвч өнөөдөр тэр эрх мэдлийн хувьд гуйлгачин болчихсондоо шаралхаж, “Эд хөрөнгө байгаад ч эрх мэдэлгүй бол амьдарч болдоггүй юм байна” гэсэн өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө “тулалдаж” буйгаараа онцлог юм.

Нэг ёсны Н.Энхбаярыг дэмжигч эгэл иргэдийн хувьд талхны мөнгөө олохын тулд гар өргөж байхад Ерөнхийлөгч асан маань тэдний ирээдүйн талхыг, өнөөдрийн итгэл найдвартай нь булааж авахын тулд тэмцэж байгаа.

Тэрбээр Ерөнхийлөгч байх хугацаандаа өөрийнх нь саналыг хүлээж аваагүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй олон арван хүнийг хууль, шүүхийнхнээр айлгаж байсан. Шадар сайд М.Энхболдыг гэхэд л өөрийнх нь үгэнд ороогүйн төлөө УИХ-ын гишүүн асан Н.Болормаа тэргүүтнийг түүний эсрэг  хөдөлгөж, МАХН-ын даргын албанаас буулгаж байлаа. Харин энэ  удаад тэрбээр “Монголын 15 олигархи” гэгчийг тодруулж, албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж. Шаардлагыг нь үл ойшоовоос ард түмний шүүхээр оруулж, хариуцлага хүлээлгэнэ” хэмээв. Тэднийг нэрлэвээс  Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөний сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний ажилд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ амьдралынхаа төлөө сүүлийн 20 жилийн турш унтах нойргүй, амрах цаггүй зүтгэж босгосон бусдын амьдралыг сүйтгэнэ гэвэл эндүүрэл. Алдах юмгүй пролетаруудыг нэгтгэчихээд “Амьдрал яг адилхан байх ёстой” гэвэл ташаарал. Монголын ард түмэн бүсээ чангалан байж зүтгэсэн 20 жилдээ өөрийн гэх хөрөнгөтэй болсон. Одоо түүнийгээ  алдахыг хүсэхгүй байгаа. Тиймээс алдах юмгүй Н.Энхбаярыг тосч авахгүй нь мэдээж . Харин тэр одоо өөрийнхөө арчаагүйд, өөрийнхөө увайгүйд алдсан эрх мэдлээ бусдын амь насыг золин байж эргүүлэн авахаар  зүтгэж нь буй нь аймшигтай. Ам нээх бүртээ “Египет шиг болно шүү, Монгол” хэмээн сануулж ирсэн тэрбээр өнөөдөр ийн хүслээ гүйцэлдүүлэх аймшигт түүхийг эхлүүлж мэдэх юм. Тийм ч учраас Ард түмний их хуралдай гэгчид “Эвлэлдэн нэгдэх эрх нь хүсвэл эдэлдэг, хүсэхгүй бол мартдаг зүгээр нэг эрх биш ажээ. Энэ бол улс үндэстнээ боддог, эх орондоо эзэн нь болж амьдаръя, амьдралаа өөд нь татъя гэж зорьдог хүн бүрийн эрх гэхээс илүү үүрэг болсон байна. Энэ үүргээ үүрэхгүй бол долдугаар сарын 1-ний амь насаа алдсан хүмүүс шиг нэг нэгээрээ буудуулаад, нэг хэсгээрээ шоронд ороод, нийтээрээ доромжлуулж басамжлуулаад дуусах нь ээ” гэж хэлсэн байж болох.

Түүний дэргэд өнөөдөр Үндэсний шинэ намынхан, Амлалт нэхэх ард түмний холбооныхон, Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн гээд бусдад өөрийнхөө бурууг тохсоор нэг ч алхам урагшилж чадаагүй “бичил биетнүүд” байгаа. Тэд бүгдээрээ эрх мэдэлд хүрээгүйдээ тунирхаж, гоморхож яваа гомдогсод. Гэхдээ пролетаруудаасаа ялгарах ялгаа нь тэдний олонх нь улс төрийн тэмцлийн тус дэмээр мөнгө үйлдвэрлэгсэд. Үүнийхээ төлөө ядарсан иргэдээ золиосолж чаддаг. Иймдээ ч тэд өнөөдөр “Большевик хувьсгалын төлөө” хэмээн Сүхбаатарын талбайд жагсана, тэмцэнэ.

Эцсийн бүлэгт Ерөнхий сайд С.Батболд ба түүний нөхдөд хайртайдаа ийн  бичиж байгаа хэрэг биш. Гагцхүү амьдралынхаа төлөө тэмцэж ирсэн олон мянган монголчуудын амьдралыг тэр чигт нь сүйтгэчихвэл яах вэ гэдэг үүднээс бичиж буй хэрэг. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Монголд сөргөлдөөн гарах бий” гэдэг асуудлаар хуралдсан. Засгийн газрын ээлжит бус хурлыг хойшлуулж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдаан даргалах эрхийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өгч байж зөвхөн дээрх сэдвээр ярилцсан байгаа. Зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч бус маш олон сувгаар “Н.Энхбаярын тэмцэл цус урсгахад хүргэх нь” гэсэн аюултай мессежүүд “нисч” байна. Н.Энхбаярын хэлсэн үгнээс ч тэмцлийн тайван бус хурц хэлбэрийг сонгох тухай эрс шийдэмгий байр суурь илрэх болсон. Хэрэв Н.Энхбаяр л шийдвэл бүх зүйл түүний хүслээр урагшлах тийм өдрүүд Сүхбаатарын талбайд үргэлжилбэл бүү гайхаарай. Ардчиллыг анархи болгох экс Ерөнхийлөгчийн хүсэлд эргэлзээ гэж байхгүй нь, аймшигтай.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж