“Горхи-мэлхий хад” амралтын газрын удирдлагыг халжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

“Горхи-мэлхий хад” амралтын газрын удирдлагыг халжээ

Гаалийн ерөнхий газар Төсвийн тухай хуулийн дагуу энэ оноос эхлэн дотоод аудит хийн ажиллах болжээ. Энэ хүрээнд тус байгууллагын харьяанд байдаг “Горхи-мэлхий хад” амралтын газарт дотоод аудит хийн, хэд хэдэн зөрчил илрүүлсэн учраас удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, “Горхи-мэлхий хад” амралтын газрын 2009-2012 оны санхүү, дотоод үйл ажиллагаа, ажиллагсдын цалин тогтоолт, олголт, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл, төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэлт, бүртгэл, тооцоо, гаальчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүлжүүлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ зэрэг дотоод болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын  шалгалт хийжээ. Тус амралтын газар нь 2002 онд дутуу баригдсан барилгад хөрөнгө оруулалт хийж Сангийн яам болон гааль, татварын байгууллагын ажилтан, албан хаагчдыг ая тухтай орчинд амраах зорилгоор үүсгэн байгуулсан улсын төсөвт үйлдвэрийн газар ажээ. Шалгалтаар дараах дүгнэлт гарсан байна.

  1. “Горхи-Мэлхий хад” амралтын удирдлага нь үйл ажиллагааны талаарх тайланг албан ёсоор ГЕГ-т ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг үнэлүүлж дүгнүүлээгүй, хугацааг сунгаагүй, шинэчлэн байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна.
  2. .Анхан шатны санхүү ня-бо бүртгэлийн баримт бүрдэл туйлын хангалтгүй, бэлэн мөнгөний орлого, зардлын хяналт огт байхгүй, зөвхөн дарга, нярав хоёрт бүрэн төвлөрсөн, амралтын газрын удирдлага, санхүүгийн үйл ажиллагаа уялдаа холбоогүй, огт хяналтгүй, үйл ажиллагааны зардал буюу мөнгөөр гарч буй зардлын дүн хэт нэмэгдсэн.
  3. Тус амралтын газар нь Сангийн яам болон гааль, татварын байгууллагын ажилтан, албан хаагчдыг ая тухтай орчинд амраах зорилгоор байгуулагдсан ба 2009-2012 оны байдлаар ажилтныг амраах, эрүүлжүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй байна.
  4. Амралтын газарт нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажилд болон албан тушаалд хамт ажиллаж санхүүгийн хариуцлагыг ноцтой зөрчсөн.
  5. Горхи-Мэлхий хад амралтын газрын удирдлага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө холбогдох төрийн байгууллагад гаргаж гэрчилгээ авах ёстой байсан хэдий ч дээрх үүрэгт ажлыг хэрэгжүүлээгүй, хугацаа алдаж, холбогдох хууль тогтоомжийн зөрчил гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.
  6. Амралтын газрын удирдлага Гаалийн ерөнхий газарт 0/01 тоот албан бичгээр гаргасан “10 сая төгрөг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг нягтлан шалгахад хүйтний улиралд шаардлагатай нүүрсний нөөцөөс илүү их хэмжээний татан авалт хийсэн, түүнчлэн нүүрсний нийлүүлэлтийг нотлох анхан шатны ямарч баримт бичиг байхгүй байгаагаас дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзсэн.
  7. Горхи-Мэлхий хад амралтын газрын дарга нь Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хариуцлагын хэлбэрийг өөрчлүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө холбогдох төрийн байгууллагад гаргаж гэрчилгээ авах ёстой байсан хэдий ч дээрх үүрэгт ажлыг хэрэгжүүлээгүй, хугацаа алдаж, татварын байгууллагаас акт тавигдах нөхцлийг бүрдүүлжээ.

Ийнхүү шалгалтын дүнд тус амралтын газрын дарга, нягтлан бодогчийг үүрэгт ажлаас чөлөөлж,амралтын газрын дүрмийг шинэчлэн батлах, татварын өрийг барагдуулах арга хэмжээ авах, амралтын газрыг гаальчдын амралт сувилалын цогцолбор байдлаар хөгжүүлэх иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, амралтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж