МИАТ-ийн хэрэг ба эргэлзээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэрэг ба эргэлзээ

МИАТ компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болохоор зарлагдсан байна.

Өнгөрөгч зургадугаар сарын 12-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3 буюу мөнгө угаасан, 156.3.3 буюу банкны хууль тогтоомж зөрчсөн  гэх үндэслэлээр буруутган ялласан билээ. Харин уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг прокуророос “нотлох баримтаар тогтоогдоогүй” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн уг хэрэг гарах үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх хуурамч компанийг үүсгэн байгуулсан Н.Галт нарын хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Өмнө нь төрийн өмчит компани, төсвийн өмч хөрөнгөнөөс их хэмжээгээр ашигласан, завшсан олон удаагийн үйлдэл тогтоогдож, шүүхээр ял шийтгэлсэн нь цөөнгүй ч МИАТ-ийн хэрэгтэй адил өндөр ял авч байсан нь үгүй. Хамгийн ихдээ л Хадгаламж компанийн 14 тэрбум төгрөгөөр гараа угаасан Ц.Чимэдцэрэнд шүүх зургаан жилийн ял өгч байлаа. Харин 2009 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуульд оруулсан нэмэлтээр “мөнгө угаах” гэдэг шинэ зйүл анги орулж, энэ хэргийг бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдсэн тохиолдолд хэргийг хүндрүүлэн авраас дээш жилийн ял оноохоор заасан нь МИАТ-ын хэрэгтнүүдэд энэ хэмжээний ял өгөх үндэс болсон билээ. Ямартай энэ явдал төрийн өмч хөрөнгө, төсвийн мөнгөөр гараа угааж сурсан нөхдүүдэд “хулгай хийвэл ялтай юм байна, идсэн мөнгөө төлөөд зогсохгүй эд хөрөнгөө ч хураалгаж, өөрөө шоронд хатах эрсдэлтэй болсон байна” гэдгийг ой тойнд нь оруулж өгсөн билээ. Үүгээрээ нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн гэж болно.

Гэвч тус  компаниас “дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэргээр шүүхээс ял шийтгүүлээд байгаа Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нарын бусад хүмүүс ялыг хүндэдсэн хэмээн үзэж Нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа. Тухайлбал, Б.Эрдэнэбилэгийн дараа МИАТ-ын захирлаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар “Энэ мөнгө хуурамч данс руу орж байгаа гэдгийг мэдээгүй, зөвхөн өмнөх захирлын хийсэн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Саяхан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл тэдний гэр бүлийнхэн ч бас эр нөхрүүдээ хэлмэгдсэн гэж үзэж, улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлөхөөс татгалзаж байгаа юм билээ. Нэг ийм үг байдаг даа. Мөнгөтэй хүнд өмгөөлөгч мундахгүй гэж. Гэхдээ мөнгөтэй байна гэдэг хүнийг буруутгах үндэслэл болох ёсгүй. Шүүх бүгдэд тэгш шударга хандах ёстой.

Сануулахад, МИАТ компаниас Дайны эрсдлийн даатгал нэрээр 2007-2011 оны хооронд нийтдээ 17 удаагийн үйлдлээр авар гаруй тэрбум төгрөгийг Сингапурын банкаар дамжуулах Япон дахь хуурамч компанидаа шилжүүлсэн байдаг. Үүний нэлээд хэдэн удаагийн үйлдэл нь Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарт холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл тэдний гарын үсгээр энэ мөнгө МИАТ-ийн данснаас гарсан гэсэн үг. Тэр дундаа Ц.Орхон хамгийн сүүлийн удаагийн гүйлгээнийхээ тушаалыг өөрийн гараар цуцалсан, тэр болтол энэ мөнгө хуурамч данс руу орж байгаа гэдгийг мэдээгүй хэмээн мэдүүлдэг юм билээ. Зөвхөн өмнөх захирлын үед байгуулсан гэрээний дагуу даатгалын мөнгийг заасан компани руу хугацахаанд нь шилжүүлж байсан гэж.

Шүүх хурал дээр тэдний өгсөн мэдүүлгээс үзэхэд ч гэсэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар Японд очиж “нүүрээ угаагаад” эргэж ирсэн нөгөө мөнгөтэй холбоотой гэдэг нь баримтаар нотогдоогүй юм шиг билээ. Харин Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох нар энэ хэргийн хариуцлагыг өөрсөд дээрээ аваад байгаа. Бид энэ хэргийг дангаараа үйлдсэн, бусад захирлууд хамаагүй гэж.

Гэвч гэрээг анх байгуулсан Б.Эрдэнэбилэгийн хувьд энэ хэрэгт оролцоогүй гэх боломж байхгүй. Тэр уг мөнгөний дийлэнхийг гадагш нь байршуулсан үе буюу 2006-2010 онд МИАТ-ийн захирлаар ажиллаж байжээ. Харин Б.Бат-Эрдэнэ 2010-2011 онд, Ц.Орхон 2011 оноос хойш захирлын албыг хашсан байдаг. Захирлын албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашиж байсан Б.Бат-Эрдэнийн хувьд түүний өгч байгаа мэдүүлэг үнэн байх магадлалтай. Гэхдээ энэ нь түүнийг хуулийн хариуцлагаас мултлах шалтгаан болохгүй. Угаасаа компанийн захирал хүн зурсан гарын үсэг бүрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Энэ бол түүний тухайн албан тушаалыг хашиж байгаагийн хувьд хүлээх ёстой хариуцлага мөнөөсөө мөн. Үүнд хуулийн өөр заалт үйлчилдэг. Харин тэр этгээд үнэхээр мөнгө угаасан уу, хувьдаа завшсан уу гэдгийг шүүх заавал баримтаар нотлох ёстой. Тэгсэн тохиолдолд тэдэнд өгч байгаа ялын хэмжээ “зүй ёсны” гэж үнэлэгдэх болно шүү дээ. Түүнээс биш “энэ нөхөр мэдэж байсан л байж таараа” гэсэн субьектив дүгнэлт, хэн нэгний мэдүүлгээр яллаад байвал шүүх өөрөө хуулийн эсрэг явж байгаа хэрэг.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж