МСҮТ-д элсэгчдийн тоо өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

МСҮТ-д элсэгчдийн тоо өсөх хандлагатай байна

Мэргэжлийн
боловсролын салбарын багш, удирдах ажилтны 7-р бага хурал Төрийн ордонд
амжилттай зохион байгуулагдаж, тус салбарынхан цаашдын зорилго,
зорилтоо хэлэлцсэн. Тэгвэл энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав МБСБ-ын
захирлуудыг хүлээн авч уулзан, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил
хэрхэн хангагдсан болон элсэлтийн явцын талаар мэдээлэл авлаа.
Энэ
хичээлийн жилийн хувьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай
холбоотойгоор авто зам, барилга, уул уурхай, төмөр замын чиглэлээр
суралцах хүсэлтэй элсэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг
дагаад Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад элсэгчдийн тоо ч
нэмэгдэх хандлагатай байгааг МСҮТ-ийн захирлууд хэлж байна.

Манай
орны хувьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбоотойгоор эл
төрлийн мэргэжилтэй ажилтан ихээр шаардлагатай болж байгааг Засгийн
газар анхааралдаа авч “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх
хөтөлбөр”-ийг эхлүүлсэн. Хурдан хугацаанд, чадвартай мэргэжилтэй ажилтан
бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх зорилготой тус хөтөлбөрийн үр
дүнд эхний ээлжийн 4837 суралцагч ажлын талбартаа гараад байгаа бол
хоёрдугаар шатны 2088 орчим суралцагч ирэх есдүгээр сарын дундуур
төгсөнө. Ингэснээр эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцох 8000
орчим мэргэжилтэй ажилтан хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа юм.

Өнгөрөгч
хичээлийн жилд МСҮТ-үүдэд нийтдээ 19607 элсэгч элсэн орсон бол
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр
7764  элсэгч нэмэгдэж нийт 27371 болж нэмэгдсэн байна. Харин энэ жилийн
хувьд МСҮТ-үүд нийтдээ 26 000 гаруй элсэгч элсүүлэх хяналтын тоо өгөөд
байгаа юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж