Өнгөрсөн жилийн өдийд Өмнөд Солонгосын дуучин PSY “Gangnam style”-аа дуулж, дэлхий даяараа түүний хөдөлгөөн бүрийг алдахгүй дууриахыг хичээж байв. Уг нь морь унаж байгаа мэт хөдөлж, ташуураа эргүүлэх мэт агаарт гараа савчих PSY-ийн бүжигт ямар ч гүн гүнзгий утга байгаагүй. Гэтэл “YouTube.com” дээр тавигдсан “Gangnam style” дууных нь клипийг 1.7 тэрбум хүн үзэж, Барак Обама, Дэвид Кэмирон, Пан Ги Мун тэргүүтэй төр засгийн тэргүүн нар “Энэ дуу бол дэлхийн энх тайвны бэлгэдэл” гэж дуу нэгтэйгээр зарлажээ.
Аргагүй шүү дээ. Хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байгаа хэрнээ “Gangnam style”-аар бүжих хүмүүс хаа сайгүй байсан юм чинь. Тэр ч байтугай Өмнөд Солонгосын баячууд л хөл тавьдаг Ганнам дүүрэг шоу цэнгээний төв болж хувирсан. PSY-ийн дууг сонссон хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Ганнам дүүргийг зорих болж. Ийнхүү “К-поп” урсгал цар хүрээгээ тэлж байгаагийн ачаар Өмнөд Солонгосын эдийн засагт зөвхөн өнгөрсөн оны эхний хагаст л гэхэд 3.4 тэрбум ам.долларын ашиг оржээ. Харин “Time” сэтгүүлд “К-поп урсгал бол Өмнөд Солонгосын экспортын гол “бүтээгдэхүүн” хэмээн бичсэн байна. Гэхдээ эдийн засагт нь нөлөөлж буй бодит ашгаас илүүтэйгээр Өмнөд Солонгосын соёлыг дэлхий дахинд сурталчилж байгаа. Үүнийх нь төлөө “К-поп” урсгалыг хөгжүүлэхэд төр засаг нь асар их дэмжлэг үзүүлдэг аж.
Өмнөд Солонгосын Соёл, аялал жуулчлалын яам жил бүр асар их хөрөнгө зарцуулдаг. Түүнийх нь тодорхой хэсэг нь гадны орнуудад Өмнөд Солонгосын соёлын төвүүдийг байгуулахад зориулагддаг байна. Мөн хамтлаг, дуучид нь аль нэг оронд тоглолтоо хийх үед Өмнөд Солонгосын Элчин сайдын яам болон консулын газрууд нь эгээ л зохион байгуулагч, менежер шиг ажиллана. Улсаас “Дэлхийн К-поп фестиваль” гээчийг жил бүр зохион байгуулж, хамтлаг дуучдаа сурталчилна. Томоохон студи, хөгжмийн продакшнуудыг дэмжихийн тулд зөвхөн тэдэнд зориулж зээл олгодог тусгай санг ч байгуулжээ. Орчин үеийн шинэ технологиудыг уран бүтээлдээ ашиглаж байгаа продакшнууд байвал тэдэнд улсаас дэмжлэг авах боломж бүр л их олдоно. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд хөгжмийн продакшнуудад 12 тэрбум вон, хилийн чанад дахь сурталчилгаанд нь зориулж гурван тэрбум вон төсөвлөсөн байжээ. Өмнөд Солонгосын төр засаг соёлын салбарт зарцуулах хөрөнгөдөө хэзээ ч гар татаж байсангүй. Түүнээс гадна тэдний үзэж буйгаар “К-поп” урсгал хөгжих хамгийн гол үндэс нь хууль эрх зүйн орчин нь тодорхой байх явдал юм. Өмнөд Солонгост зохиогчийн эрхийг баталгаажуулсан хууль нь нарийн заалт ихтэйгээс гадна маш хатуу мөрдөгддөг. Тухайн уран бүтээлд бага боловч хувь нэмэр оруулсан л бол зохиогч нь ашгаас нь хувь хүртэх эрхтэй болно. Энэ нь Өмнөд Солонгосын урлагийн салбарыг зах зээлийн жамаар хөгжих боломжийг бүрдүүлжээ. Бас тэнд өрсөлдөөн маш их байдаг аж.
“К-поп” урсгалын дуучдыг бэлтгэн сургах арга барил нь их өвөрмөц. Баруунд бол энэ нь маш их шүүмжлэл дагуулахаар. Гэвч Өмнөд Солонгост бол алдрын оргилд гарахыг мөрөөдсөн охид, залуусын заавал туулах ёстой зам болжээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост гурван том энтертайнмент компани байна. Тэд 9-10 насныхан дундаас хүүхдүүдийг шалгаруулж аваад 10-15 жилийн хугацаатай гэрээ байгуулдаг. Асран хамгаалагчдынх нь гарын үсгээр баталгаажсан гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүд бүгд хамт амьдарч, англи, хятад, япон хэл заалгана. Тэдэнд фэнүүдтэйгээ хэрхэн харьцах, тайзан дээр биеэ яаж авч явахыг нь заадаг тусгай багш нар ч бий. Түүнээс гадна хамгийн гол нь бүжгийн болон дууны хичээлд өдөр болгон суух явдал юм. Тэд яг л робот шиг амьдрал дунд өсвөр насаа үддэг. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын “SM Entertainment” продакшн “Girl’s Generation” хэмээх охидын хамтлагийн нэг гишүүний бэлтгэлийг хангахын тулд гурван сая ам.доллар зарцуулсан гэх мэдээ бий. Ингэж бэлтгэгдэн гарч ирсэн хамтлагууд амжилтад хүрэх эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь тэдний аль нэг дуу нь олны анхаарлыг татаж, хөгжмийн чартуудыг тэргүүлсэн ч төд удалгүй дараагийн хамтлагт байраа алдаж, мартагдан хоцрох нь бий.
Түүнээс гадна хөгжмийн продакшнтай байгуулсан гэрээ нь хэтэрхий хатуу байдгаас болж хамтлаг, дуучид нь хохироод үлдэх нь их. Одоогоос дөрвөн жилийн өмнө Япон, Хятад тэргүүтэй Азийн орнуудад алдартай болоод байсан “TVXQ” хамтлаг “SM Еntertainment”-тэй байгуулсан 13 жилийн гэрээгээ хэтэрхий хатуу нөхцөлтэйгээс гадна тэдэнд өчүүхэн бага ашиг хүртээдэг гэж үзээд шүүхэд өгсөн юм. Өмнөд Солонгосын Шударга худалдааны комиссын дэмжлэгтэйгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарчээ. “Rainbow” хэмээх алдартай охидын хамтлаг ч бас бага цалин авч, амралтгүй бэлтгэл хийдэг байсандаа дургүйцэж долоон жилийн гэрээгээ цуцалж байв. Түүнчлэн царайлаг залуухан дуучиндаа бэлгийн дарамт үзүүлснээс болж ял авсан алдартай продюсер ч бий. Иймэрхүү дарамтад ордоггүй юмаа гэхэд өдөр бүр хатуу мөрддөг цагийн хуваарь хамтлаг, дуучдыг туйлдуулах нь бий.
Монголд ирэх гэж буй “Т-ара” хамтлагийнхны тухай саяхан гарсан нэгэн нэвтрүүлгийн үеэр нэг гишүүн нь фэнүүдтэйгээ уулзаж байгааг харуулсан. Энэ үеэр түүний аав фэнүүдийх нь дунд зогсож байв. Тэгээд охинтойгоо удаан уулзаагүй тухайгаа ярьж, төрсөн хотдоо ирэхэд нь ингээд хальт ч болов уулзаж байгаадаа баярлан нулимс унагаад явж одсон юм. Чухамдаа энэ нь “К-поп” хамтлаг, дуучдад алдар нэр асар их үнээр олддогийн нэг жишээ бололтой.
“К-поп” дуунд Өмнөд Солонгосын уламжлалт хэв маяг барууны хөгжмийн урсгалтай холилдон орсон байдаг аж. Хүйтэн дайны үед Өмнөд Солонгост очиж амьдарч байсан америк цэргүүдийн нөлөөгөөр тэнд барууны хөгжим алдартай болжээ. Хожим нь “Beatles” мэтийн олон улсын хэмжээнд нэр нь түгсэн хамтлагуудын нөлөө ч орсон биз. Ямар ч гэсэн 1990-ээд оноос Өмнөд Солонгост барууны рэп, рок, текно урсгалыг нэгтгэсэн анхны хамтлагууд бий болж эхэлсэн юм. Анхандаа тэднийг зөвхөн эх орон нэгтнүүд нь мэддэг байсан. Гэтэл Өмнөд Солонгос Азийн санхүүгийн хямралд нэрвэгдэх үед хамтлаг, дуучид ашиг орлогоо бодож гадны зах зээлийг сонирхож эхэлсэн байна. Үүнээс үүдэж тодорхой хэмжээнд ахиц гарсан боловч тэд тэсрэлт хийж чадахгүй байв. Харин сошиал нэтворк буюу олон нийтийн сүлжээ сайтууд “К-поп” урсгалыг дэлхий дахинд таниулсан юм. “YouTube”, “Facebook”, “Twitter”-ийн ачаар Өмнөд Солонгосын хамтлаг, дуучдын фэнүүд дэлхийн өнцөг булан бүрт бий болжээ. Тэд фэн клуб байгуулахдаа хүртэл маш зохион байгуулалттай ажилладаг. Фэнүүдийнх нь сайн дурын ийм ажиллагаа нь эргээд “К-поп” дуучдын сайн сурталчилгаа болдог байна.
“К-поп”-ын гол онцлог нь царайлаг охид, хөвгүүд энгийн хэрнээ нэгэн жигд хийхээр гайхалтай харагддаг хөдөлгөөнөөр бүжиглэж, цээжлэгдэхэд хялбархан үгийг давтан дуулдагт байдаг. Тэд бас нүд гялбам хээнцэр байхаа ч мартдаггүй. Тийм учраас “К-поп” дуучдыг олон нийтэд зориулагдсан нийтийн бүтээл хийхээс биш, чанартай дуу дуулж чаддаггүй гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ хандлага сүүлийн үед өөрчлөгдөж байна. Саяхан телевизийн реалити шоунаас төрөн гарсан Ли Хи хэмээх 16 настай дуучин охиныг үзэгчид Английн дуучин Адельтай адилтгаж байгаа юм.
Өнөөдөр Өмнөд Солонгосын хамтлаг дуучдыг зөвхөн Азид төдийгүй баруунд ч шүтэх болж. Охидын хамтлаг “Wonder girls” Америкийн Биллбордсын шилдэг 100 дууны жагсаалтад багтаж, “Bigbang” хамтлагийн амжилтыг Бритни Спирсийнхтэй зүйрлэж, “YouTube” болон “Google”-ийн хайлтын системд “К-поп” дуучдад зориулсан тусгай сувгийг байрлуулжээ. “New York Times” сонин “2NE1”-ийн Нью Жерсид хийсэн тоглолтыг “2012 оны шилдэг концерт” хэмээн нэрлэж, “Girls’ Generation”, PSY-ийн бичлэг “You-Tube”-д хамгийн олон үзэгчтэй болоод байна. Ийнхүү төр нь сайн менежер болон ажиллаж, хүчтэй өрсөлдөөн бүхий зах зээлийг бий болгосны хүчинд Өмнөд Солонгосын соёлын довтолгоон дэлхий дахинд хүчээ авлаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
