Дотоодын дэвтрийн үнэ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Дотоодын дэвтрийн үнэ өндөр байна

Хичээлийн бэлтгэлээ хангасан уу?

Хичээл, сургуульд явдаг хүүхдүүдтэй бүх л хүмүүс, мөн худалдаа наймаа эрхлэгчид жил бүрийн энэ үеэр эд хөдөлгөөнд ордог билээ. Ингээд хичээлийн хэрэгслэлээ цуглуулахаар өргөн сонголттой гэдгээр нь том зах, худалдааны төвийг зорихоор нийслэлийн замын хөдөлгөөн эмх замбараагүй болж, замын түгжрээнд хэдэн цаг суух нь бий. Тиймээс энэ жил уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний зохицуулалтад болон хичээлийн хэрэгслэлийн  худалдаа, наймааны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахаар болж байгаа. Тухайлбал, ажлын өдрүүдэд мөрддөг байсан хуучин дугаарын хязгаарлалтыг болиулж, наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1-нийг хүртэл өдөр бүрийг авто машины улсын дугаарын сүүлчийн орныг тэгш, сондгойгоор ялгаж замын хөдөлгөөнд оруулж буй. Мөн төвлөрсөн зах, худалдааны төв рүү зорчих иргэдийн урсгалыг бууруулах зорилгоор дүүрэг бүрт хоёроос доошгүй хичээлийн хэрэгсэл худалдах цэгүүдийг ажиллуулж эхэлсэн. Ийнхүү энэ жил заавал том худалдааны төв, захаас хичээлийн хэрэгслэлээ бэлтгэх гэж яарах биш, иргэн бүрт ойроор дүүрэгт нь байгуулсан задгай цэгүүдээс худалдаа хийх боломжтой боллоо. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай” буюу бидний сайн мэдэхээр Ялалтын талбайд, Баянгол дүүрэгт 13, 14, 15 дугаар хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай” /цагаан хаалга/, Баянзүрх дүүрэгт “Жуковын музей”-н талбай,  Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө буюу УИХ-ын замын эсрэг талын талбай, Сансарын тунель дээр, Сонгинохайрхан дүүрэгт  “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд тус тус худалдаа хийнэ гэсэн юм.

Хичээлийн хэрэгсэл худалдаж буй цэгүүдийг сонирхохоор “жуковын музей”-н талбай орсон боловч тэнд хичээлийн хэрэгсэл зарах асруудыг байрлуулсан байх ч хоосон байлаа. Ялалтын талбайд байрлаж буй худалдааны цэг орж сонирхов. Тэнд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, сургуульдаа хандивлах тасалгааны цэцэг худалдаж байна. Гэхдээ энэ цэгийн хувьд цөөн асрууд байрласан, сонголт бага санагдсан. Ийнхүү хичээлийн хэрэгслэлийн үнийг танилцуулъя.

“Улаанбаатар принт” компанийн дэвтэр:

  • 12 ху – 180 төг
  • 24 ху – 350 төг 
  • 36 ху – 400 төг 
  • 48 ху – 500 төг 
  • 60 ху – 650 төг

“Мөнхийн үсэг” компанийн “Аз хур” дэвтэр:

  • 12 ху – 150 төг
  • 24 ху – 300 төг
  • 32 ху – 350 төг
  • 48 ху – 500 төг
  • 60 ху – 700 төг 
  • 96 ху – 1100 төг

Үзгэн бал 400-4000 төг

Бал-100-800 төгрөгөөр худалдаж байна. Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн яармагт ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлтэй мэт санагдсан бөгөөд дэвтэрний хувьд зөвхөн дотоодын үйлдвэрт хэвлэсэн дэвтэр энд худалдаж байсан юм.


“Нарантуул” зах хөл хөдөлгөөнтэй хэвээр

Өнгөрөгч долоон хоногт шатсан “Нарантуул” худалдааны төв хөл хөдөлгөөнтэй хэвээр, ажиллаж байна. Угаас хичээл орох дөхсөн энэ үед хамгийн өргөн сонголттой, үнэ хямд гэдгээр нь иргэд хамгийн ихээр очдог хэвээрээ ажээ. Энд дэвтэрний хамгийн өргөн сонголт байх ба Монгол, гадаадын дэвтрийг аль алиныг худалдаж байна. Дээр хэлсэнчлэн дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн дэвтэр гадаадын, тэр тусмаа хамгийн их хэрэглэдэг “Unipap” брэндийн дэвтэрнээс 100-200 төгрөгөөр үнэтэй байна лээ. Өөрөөр хэлбэл, гадаадаас оруулж ирсэн дэвтэр хямд үнэтэй байна. Дотоодын үйлдвэрээ дэмжих хэрэгтэй гэдэг ч үнэ өндөр байвал импортын барааг төдийлөн ардаа орхихгүй байлтай.

Дэвтэрнээс бусад хичээлийн хэрэгслийн үнийг сонирхуулъя.

  • Үзгэн бал – 400-1000 төг
  • Бал – 100-800 төг
  • Шугам – 400-1200 төг
  • Фломастер – 500-1500 төг 
  • Балын харандаа – 200 төг, 0.5 харандаа 1000-1500 төг
  • Үзэгний сав – 2500-5000 төг
  • Гортиг – /дан/-2000 төг, /иж бүрдлээрээ/ 6000 төг
  • Хайч – 1000 төг
  • Цавуу – 600-1500 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Ийнхүү хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захын үнэ хоёрыг харьцуулахад, үзэсгэлэн яармагийнх арай үнэтэй байна.

Хичээл эхлэхэд таван хоног үлдсэн энэ үед “Нарантуул” худалдааны төвийг зорих иргэд их байгаа бөгөөд захын гадна талд хичээлийн хэрэгсэл худалдах лангууг нэмж зассан байна лээ. Энэ жилийн хувьд валютын савалгаа ихтэй байгаа нь импортын барааны үнэд хэрхэн нөлөөлсөн талаар худалдаачнаас лавлахад жил жилийнхтэй адил байж, үнийн тал дээр ямарваа хөөргөдөлт байхгүйг учирласан. Ажиглаж байхнээ, хүмүүсийн хэрэглээ хямд үнэ рүү тэмүүлэхээс илүү чанар луу анхаардаг болсон байна гэж худалдаачид хэлж байсан.

Хичээл дөхчихсөн энэ өдрүүдэд худалдан авалт сайн байгаа бөгөөд монголчууд цагийг нь тулгаж аливаа юмыг хийдэг зан нь ч хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэх дээр ажиглагдаж байх юм. Худалдаачид чингэлгээр дүүрэн бараа авчирч, зараад буцдаг ба үлдсэн бараагаа хичээл орсоны дараа хямд үнээр худалдаж дуусгах нь бий. Хичээлийн хэрэгслийн ерөнхий үнийн хувьд наймдугаар сар дөнгөж гаргаад бараа ховор байх цагт үнэ өндөр байдаг бол хичээл орохын өмнөх долоон хоногт наймаачдын бараа таталт, худалдаа жигдэрснээр үнэ буудаг. Тэгвэл наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд том худалдааны төв, захуудаар юу болдог билээ? Хүмүүс багталцахгүй бужгиналдах далимаар “авахгүй өөр яах юм” гэсэн хандлагаар барааныхаа үнийг нэмнэ. Иргэд ч авахаас өөр сонголтгүй. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ нэг, хоёр өдрийн өмнө тулгаж хийлгүй, тайван бэлтгэх нь дээр бололтой.




У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж