
Жолооч нар Чойроос Сайншанд хүртэл шороон замаар зорчдог байсан бол 176,4 км зам ашиглалтад орсноор хатуу хучилттай замаар, шороо тооосонд дарагдахгүйгээр зорчих боломжтой болжээ. Энэ зам нь АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн суурьтай хийгдсэнээрээ арчилгаа хийж чадвал 15 жил түүнээс ч урт хугацаагаар ашиглагдах боломжтой гэдгийг ММСС-ын Авто замын төслийхөн хэлж буй. Замын зорчих хэсгийг нээсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, Улсын комисс хүлээж авах гэнэ. Замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ. ММСС-ийн Авто замын төслийн гүүрийн инженер Ч.Батбаяр “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьсан. Дэлхийн стандартаар барьж байгаа учраас цаг агаарын нөхцөлд тохируулан зам, гүүрийг барьсан. Энэ замыг барихдаа хамгийн богино хугацаанд чанартай зам барьж чадсан. АНУ-ын талаас ч үүнийг шаардаж байсан. Ерөө 2,5 жилийн дотор бид хайрган суурь, цементээр бэхжүүлсэн суурь тавьж өгснөөрөө онцлогтой” гэсэн юм. Говийн аймаг, Сайншинд чиглэлд тов оврын ачааны машин их явдаг учраас замын суурийг цементээр бэхжүүлж, 80 хүртлэх тоннын даацтай хийсэн нь Монгол Улсад жишиг болохуйц зам болсон гэдгийг Авто замын төслийхөн онцолсон юм.

Монголын мянганы сорилтын сангаас төсөвлөснөөр Чойр-Сайншанд чиглэлийн авто замыг барих байсан ч Сайншандын Айраг, Даланжаргалан сумын удирдлагуудын хүсэлтээр тус сумдыг хатуу хучилттай замаар холбожээ. Айраг сумын хувьд 1,7 км замыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд Даланжаргалан суманд 1,1 км-ийг замыг ММСС-ийн хөрөнгө оруулалтаар барьж, дуусгажээ. Сайншанд чиглэлд галт тэрэг, шороон замаар зорчдог байсан бол хатуу хучилттай замаар зорчсоноор орон нутаг руу хөгжил чиглүүлэх, орон нутгийн иргэдэд цаг хэмнэх олон давуу талууд бий болж байгааг нутгийн иргэд ярьж байлаа. Айраг сумын иргэдийн хувьд галт тэргээр 7-10 цагийн хооронд зорчдог байсан бол 4-5 цаг авто замаар явж цагаа хэмнэх бүрэн боломжтой болсонд нутгийн иргэд талархлаа илэрхийлж байлаа.

Засгийн газраас энэ жил зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох ам өгөөд буй. Харин ММСС-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ зам үүний нэг нь. Америкчууд өөрийн хөрөнгөөр чанартай зам барьсан учраас харин одоо Засгийн газар тууз хайчлаад өнгөрөх биш арчилгааг сайтар хийх хэрэгтэй. Зам барьсны дараа арчилгаа хийгдэхгүй бол ямар ч чанартай зам насжилт нь багасдаг гэж замын мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл ММСС-ын санхүүжилтээр Сайншандын Авто зам арчлал компанид тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон байна. Ингэснээр барьсан замыг арчилж, эвдрэлийг цаг алдалгүй засч байж насжилт нь уртасна гэдгийг Авто зам төслийнхөн онцолсон. Харин Говь-Сүмбэр аймагт Авто зам арчлал компани байгаагүй учраас шинээр байгуулж, нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, сургасан юм байна. Дээрхи хоёр аймгийн Авто зам арчлал компанид ММСС-аас гурван тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Чойр-Сайншанд хүртлэх 176,4 км замыг Засгийн газар ирэх сарын 5-нд хүлээж авах бөгөөд зам хүлээж авснаас хойш улсын өмчид шилжинэ. АНУ-ын хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартын зам тавьж өгч байгаа учраас бид зүгээр тууз хайчлаад өнгөрөх биш арчилгаанд анхаарч ажиллах нь Засгийн газрын хийх ажил.


