
Ш.Сайхансамбуугийн хар зах шатсан нь Монголын бизнесийн орчин дахь зарим нэг асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй болсны сануулга боллоо. Макро төвшнийх нь асуудал тоймоо алдсаны дээр микро төвшинд гарсан хэргүүд ч байдлыг хүндрүүлж байна.
Нэг талаас том баяны тоомжиргүй алдааны уршиг ч олон арван хүн ажлын байраа алдсан нь Монголын микро эдийн засагт доргилт өгч магадгүй болоод байгаа юм. “Нарантуул”-ын хүнсний захад 900 түрээслэгч мах, ногоо, гурил будаа, чихэр жимс, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зардаг байжээ. Харамсалтай нь тэдгээр хүмүүс өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсоосноос болоод гэртээ буцахад хүрсэн “Оюутолгой”-н 2000 ажилчин дээр, өрмийн сул зогссон 30-40 компанийнхан, “Нарантуул”-ын наймаачдыг нэмбэл Монголын ажилгүйчүүдийн тоо сарын дотор огцом өсөв. Үүнийг дагаад банк, санхүүгийн салбарт түгшүүрийн дохио ч дуугарч эхэллээ.
Монголын бага, дунд орлоготой иргэдийн ихэнх нь хэрэглээний болон, орон сууцны зээлтэй. “Оюутолгой”-гоос халагдсан иргэд ч ихэнх нь орон сууцны зээлтэй гэдгээ дурдсан. Тэгвэл “Нарантуул”-ын наймаачид банкид багагүй өртэйгөө нуусангүй. Өрөө яаж төлнө дөө гэх хувь хүний асуудлаас илүү банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдэж, зээлийн эрсдлийг нь хамгаалсан даатгалын компаниудын асуудал хүндрэх магадлал өндөр байгааг, санхүүгийн салбар үүнээс бол доргиж болзошгүйг эдийн засгийн хүрээнийхэн анхааруулж байна.
Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ гэдгээ “Нарантуул”-ын удирдлагууд мэдэгдсэн ч гурван сар гэдэг өр, зээлтэй хүмүүсийн хувьд урт хугацаа. Тэглээ гээд тэдний хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төр барагдуулах ёсгүй. Өгье гэхнээ ч өнөөдөр манай төрд өгөх мөнгө нь үнэндээ алга байна. Улсын төсөв нь зардалаа дийлэхээ больж, гадаад дотоод өр зээлэндээ Монголын Засгийн газар баригдчихаад байгаа билээ. Эрдэнэт үйлдвэрт 300 сая, Чалькод 170 сая, Оюутолгойд 250 сая ам.долларын өрөө төлөөгүй яваа. Тиймээс түрээслэгчдийн хувьд төрд найдахаас илүү захын удирлагуудтайгаа хэл амаа эвээр ололцох хэрэгтэй юм. Нөгөө талаар түрээслэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдгээс илүү тэдний хохирлыг хэмжээ хэд байсан бэ гэсэн санхүүгийн тайлан хамгийн чухал асуудал болоод байна. Манай аль ч зах, дэлгүүрийн наймаачдын хамгийн том алдаа санхүүгийн тайлан хэзээ ч гаргадаггүй явдал. Тайлангаа гаргаж, сардаа олсон ашгаасаа улсдаа татвар төлөөд явж байсан бол хохирлоо барагдуулахад ямар ч асуудал, хүндрэл гарахгүй байлаа. Ийм асуудал өмнө нь шатсан “Сапу” худалдааны төвийн түрээслэгчдэд тохиолдож байсан. Даанч монголчууд бид бусдын алдаанаас хэзээ сургамж авч байгаагүйн жишээ энэ юм.
Монголын бүтээн байгуулалтын улирал удахгүй дуусна. Нүүрсний экспортын орлого 53, зэсийнх нь 42, гадаадын шууд хөрөнгө оруулалт 46 хувиар буурч, улсын төсөв нэг их наяд 500 тэрбумын алдагдалд хүрчихлээ. Нэмэр дээр нэрмээс гэгчээр олон мянган хүн ажлын байраа алдлаа. Чилийн урт өвөл айсуй яваа энэ үед Чингис бондоороо урд хормойгоо нөхөөд ч эдийн засагт үүсээд байгаа доргилтыг намжаах чадах эсэх нь эргэлзээтэй болов. Гадаад зах зээлд Засгийн газрын зээлжих зэрэглэл буурч, хөрөнгийн зах зээл унтаа байдалд орлоо. Улсын төсвөөр хийх ёстой ажлын гүйцэтгэл тэг зогсоход хүрлээ. Ажилгүйдэл нэмэгдлээ. Тэгэхээр макро болон микро төвшинд үүссэн асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх вэ.
Хямралын шинж тэмдэг юунаас болсон бэ гэдгийг дээр дооргүй шүүж байна. Тэгвэл галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. Микро болон макро төвшинд үүссэн асуудлын гэмтний эрэлд бүгдээрээ гарлаа. Хямралын, галын шалтгаануудыг хайхаас илүү одоо гарцыг нь олох хэрэгтэй болжээ. Дэд бүтцийнхээ асуудлыг яаралтай шийдвэрлэж, Чингис бондын хөрөнгийн зарцуулалтыг тооцох хэрэгтэй байна. Худалдан авагчийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд транзит тээврийн асуудлыг шийдэх ёстой болжээ. Газрын тосныхоо хуулийг яаралтай баталж, төсвийн тодотголоо цаг алдалгүй хиймээр байна. Энэ бүхэн Засгийн газрын нэгдүгээрт хийх ажил. Харин хоёрдугаарт далд эдийн засагт эргэлдэх мөнгийг илрүүлэх нь улс орны хөгжилд багагүй дэмжлэг болно. Хүчээр биш аргаар асуудлыг шийдвэл хямралыг “хямдхан” давах боломжтой. Сардаа хэдэн арван саяар нь олдогоо “Нарантуул”-ын наймаачид ярьснаас харахад Монголд далд эдийн засаг хүчээ авчээ. Тиймээс хэдэн тэрбум ам.доллараар тоологдох далд эдийн засагт байгаа мөнгийг илрүүлснээр асуудлыг аятайхан зохицуулах арга бас байгааг эдийн засагчид зөвлөж байна лээ. Алдаа заримдаа аврал болдог тал бий шүү дээ.