Ерөнхийлөгч хичээл заана

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хичээл заана

А.Ганбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр хичээл заана


Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-нд дунд сургуулийн сурагчдад теле хичээл заана. Энэ жилийн заах хичээлийн онцлогийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийн хоёрдугаар цаг дээр ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад теле хичээл заадаг уламжлалтай. Энэ 2013-2014 оны хичээлийн жилийн эхний өдөр ямар сэдвээр хичээл заах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ есдүгээр сарын 1-нд тав дахь удаагаа теле хичээл заах гэж байна. Ерөнхийлөгч 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа” гэсэн сэдвүүдээр хичээл зааж байсан. Энэ удаагийн хичээл “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдэвтэй. Хичээлийг МҮОНТ, UBS телевизээр есдүгээр сарын 1-ний өглөөний 10.00 цагаас шууд дамжуулна.

-Энэ сэдвийг сонгосны учир юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2013 онд хэрэгжүүлсэн эхний бүрэн эрхийн хугацаандаа ч, энэ зунаас хэрэгжүүлж эхэлсэн хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ч иргэний нийгэм, хуулийн засаглалын асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Энэ удаагийн теле хичээлээрээ хуулийн дор амьдарна гэж юу вэ, хууль, дүрмээ биелүүлнэ гэж юу вэ гэдгийг энгийн жишээ, баримтад тулгуурлаж сурагчдад заах юм.

-Энэ удаагийн хичээлийн гол онцлог юу байх бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хичээл заадаг уламжлалаа хадгална. Хичээлээ тун удахгүй Монгол Улсын иргэн болж, иргэний эрх, үүргээ хэрэгжүүлж эхлэхийн босгон дээр ирээд байгаа ахлах ангийн сурагчдад зориулж заахаараа онцлогтой. Тэд дараа жил, түүний дараа жилээс Монгол Улсын иргэн болж нийгэмшинэ. Хууль, дүрмийн зохицуулалтад шууд өөрийн биеэр оролцох эрх үүснэ. Замын хөдөлгөөнд бие дааж оролцох, машин жолоодох эрхтэй болно. Бүх эрх нь нээгдэнэ. Тэр залууст гол нь анхаарлаа хандуулж хичээлээ заах юм. Тэдний ард эцэг эхчүүд нь, дүү нар нь байгаа. Дүү нартаа үлгэр жишээ болох ёстой гэдэг үүднээс ахлах ангийнханд хичээлээ онцгойлон зориулж заах гэж байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж