Боливын шоронд үймээн гарч, 31 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Боливын шоронд үймээн гарч, 31 хүн амь үрэгджээ

Боливийн зүүн хэсгийн Санта Круз хотын гадна орших Палмасола шоронд өнгөрсөн баасан гаригт хоригдлуудын хооронд мөргөлдөөн гарч, үймээн дэгдсэний улмаас амь үрэгдэгсдийн тоо 31-т хүрчээ. Хохирогчдын ихэнхи нь хоригдлууд пропаны хийн савыг галдаж, дэлбэлснээс үүдсэн түймэрт өртөн амьдаараа шатаж үхсэн байна. Түүнчлэн хохирогчдын дунд шоронд хоригдож буй эцэг/эхээсээ салах нас нь болоогүй 18 сартай жоохон хүүхэд байсан аж.

Шорон дахь дайсагнагч бүлэглэлүүдийн хоорондох мөргөлдөөн, үймээний улмаас нийт 37 хоригдол хүнд гэмтэж бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр хоригдлуудын зарим нь жижиг хутгаар зэвсэглэсэн байсан ба хянагчид байдлыг хяналтандаа авахын тулд хэдэн цагийн турш тэмцэлджээ. Энэхүү хэргийн улмаас Боливийн хамгийн том Палмасола шоронгийн гадна хоригдлуудын ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нь цуглаж, амь үрэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа гэнэ. Харин албаныхан одоогоор хоригдлуудын хооронд мөргөлдөөн гарсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдэгджээ.

Боливийн хуулийн дагуу гэмт этгээдийг шоронд хоригдож байх хугацаанд төрсөн хүүхдийг өөр харгалзах хүнгүй тохиолдолд зураан нас хүртэл нь эцэг, эхтэй нь хамт байлгахыг зөвшөөрдөг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж