
Английн “Премьер лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт Уэльсийн нийслэлийн баг “Кардифф Сити” талбайдаа Английн хамгийн баян багуудын нэг “Манчестер Сити”-г хүлээн авч, 3:2-ийн харьцаатай хожиж шуугиан тарилаа. Энэ тойргийн өмнө Малайз, Арабын тэрбумтнууд хөлбөмбөгийн талбарт хүч үзнэ гэж цахим ертөнцөөр мэдээлж байсан. Харин Малайзын тэрбумтны баг Арабын шейх Мансурийн “цэргүүдэд” хөлбөмбөгийн хичээл заалаа. Ингэснээр үнэтэй хөлбөмбөгчид, шинэ, шилдэг дасгалжуулагчтай “Манчестер Сити” багийн эздээс ихээхэн шүүмжлэл хүлээх нь тодорхой болов. Энэхүү тоглолтоор “Кардифф Сити” мөнгө хэдий хөлбөмбөгийн зах зээлд хэрэгтэй ч бүхнийг шийдэхгүй гэдгийг харууллаа. Учир нь “Кардифф Сити” багийн бүрэлдэхүүн 56 сая фундын үнэтэй. Энэ нь “Манчестер Сити” багийн энэ зуны солилцоо наймаанд зориулсан мөнгөнөөс бага юм.
Харин эхний тойрогт талбайдаа хожигдож, багагүй хэл аманд өртөөд байсан “Арсенал” энэ удаа Лондоны “Фулхэм” багийг 3:1-ийн харьцаатай буулган авлаа. Тоглолтын 14 дэх минутад Оливе Жиру, 41, 68 дахь минутад Лукаш Подолски гоол оруулсан юм. Харин талбайн эздээс 77 дахь минутад Даррен Бент гоол оруулж, багтаа нэр төр авчирсан байна.
Сүүлийн жилүүдэд “Премьер лиг”-ийн дундаж багуудын түвшинд тоглож буй “Ливерпүүл” хоёрдугаар тойрогт “Астон Вилла”-гийн талбайд зочлон, Даньел Старрижийн гоолоор хожлоо. “Астон Вилла” эхний тойрогт “Арсенал”-ыг талбайд хожоод байсан юм.
Багийн лидер Гарет Бэйлийг алдахад хүрээд буй “Тоттенхэм” талбайдаа Уэльсийн “Свонси Сити”-г талбайдаа Роберто Солдадогийн торгуулийн цохилтоос оруулсан ганц гоолоор хожсон. Энэ зун солилцоогоор ирсэн, “шинэ цэрэг” Роберто Солдадо “Тоттенхэм” багт зургаан оноо авчраад байна. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болох мөрөөдөл тээж буй Гарет Бэйл энэхүү тоглолтод мөн л оролцоогүй юм.
Өнөө шөнө 03:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ хоёрдугаар тойргийн хамгийн оргил тоглолт Манчестер хотын “Олд Траффорд” буюу “Мөрөөдлийн театр” цэнгэлдэх хүрээлэнд болно. “Манчестер Юнайтед” талбайдаа Жозе Моуриньогоор удирдуулсан “Челси” багийг зургаан жилийн дараа хүлээн авах “ёслол” болно. Харин энэ удаа “Онцгой нэгэн” Жозе Моуриньог Сир Алекс Фергюсон биш Дэвид Мойес угтана.
Хоёрдугаар тойргийн дүн:
- Фулхэм 1-3 Арсенал
- Эвертон 0-0 Уэст Бромбич Албион
- Халл Сити 1-0 Норвич Сити
- Нью Кассль 0-0 Уэстхэм
- Саутхэмтон 1-1 Сандерлэнд
- Стоук Сити 2-1 Кристал Палас
- Астон Вилла 0-1 Ливерпүүл
- Кардифф Сити 3-2 Манчестер Сити
- Тоттенхэм 1-0 Свонси Сити