
Шоу ертөнцийн нөлөө бүхий эрхэм Саймон Коуэлл анхных нь хүүхдийг нь тээж буй Лоурентэй өнгөрсөн амралтын өдрийг Францад өнгөрүүлжээ. Хосууд өнгөрсөн амралтын өдрийг Францын өмнөд хэсэгт Саймоны 50 сая ам.долларын үнэтэй дарвуулт завиар зугаалж өнгөрүүлсэн байна. Саймоны хүүхдийг тээж буйгаа олонд зарласныхаа дараахан нөхрөөсөө салсан Лоурен өнгөрсөн лхагва гаригт Францад ирсэн аж. Өдгөө 12 долоо хоногтой жирэмсэн Лоурен хоёр долоо хоногийн өмнө нөхрөөсөө салах өргөдөлд гарын үсэг зурсан билээ.
Хэдийгээр олон нийт Саймон Коуэллийг сайн найзынхаа эхнэртэй амраглаж, хүүхэдтэй болсонд багагүй дургүйцэж байгаа ч тэрээр аав болох гэж буйдаа их баяртай байгаа гэнэ. Саймон Коуэлл энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Одоо бол миний амьдралын бүх зүйл өөрчлөгдөж байна. Би аав болсондоо их бахархаж байна. Би өмнө нь энэ талаар боддог ч үгүй байсан бол одоо үүнийг мэдэрч байна. Лоурен бол маш онцгой охин” гэж ярьсан аж.
Б.АНХТУЯА