
“Би эрүүл амьдралыг хүсч байна. Би үхмээргүй байна. Гэтэл би үхлийн ирмэгт ирчихсэн байна. Учир нь аймшигтай архичин болжээ” хэмээн Майк Тайсон ESPN телевизийн “Friday Night Fights” нэвтрүүлгийн үеэр ярьжээ. Тэрбээр мөн “Би маш муу залуу. Маш олон муу зүйл хийсэн, гэхдээ өршөөгдөхийг хүсч байна” гэжээ.
Майк Тайсон 1987 онд WBC, WBA болон IBF холбооны хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмших болж, ердөө 20 насандаа энэ амжилтад хүрсэн хамгийн залуу аварга болсон юм. Харамсалтай нь, таван жилийн дараа тэрбээр Десри Вашингтон гэх охиныг хүчирхийлсэн хэргээр шүүхээс ял сонссон билээ. Өргөст торны цаана зургаан жилийг өнгөрүүлсэн тэрбээр боксын рингэнд эргэн ирээд, 2006 онд зодог тайлсан юм. Мэргэжлийн боксын спортоо орхисноос хойш жилийн дараа тэрбээр согтуугаар жолоо барьсан, мансууруулах бодис биедээ хадгалсан хэргээр дахин шийтгүүлжээ. Энэ удаад 24 цаг шоронгийн өрөөнд хоригдож, 360 цагийн албадан ажил хийсэн байна.
Өдгөө боксын тайлбарлагчаар ажиллаж буй тэрбээр “Тэд намайг уучилна гэж итгэж байна. Одоо би амьдралаа өөрчлөхийг хүсч байна, огт өөр амьдралаар амьдармаар байна. Би архи ууж, мансууруулах бодис хэрэглээгүй зургаа хонож байна. Миний хувьд ид шид шүү дээ. Намайг эрүүл сайхан амьдралаар амьдарч байгаа гэж бодож байсан хүн бүрийг би хуурч байсан. Гэхдээ дахиж би эдгээр муу зүйлсийг хэрэглэхгүй” хэмээн үнэнээ өчжээ.