Хосни Мубарак дахин шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Хосни Мубарак дахин шүүхэд дуудагдав

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак шоронгоос суллагдаад гурав хоносныхоо дараа дахин шүүхэд дуудагджээ. Египетийн Каир хотын Тора шоронгоос цэргийн эмнэлэгт хүргэгдэн, дараа нь гэрийн хорионд байсан Хосни Мубарак 2011 оны “Арабын хавар” хувьсгалын үеэр олон тооны босогчдын амийг хөнөөсөн хэргээр дахин шүүгдэх болсон аж. Хосни Мубаракийн хэргийг дахин хэлэлцэх шүүх хуралд түүнтэй хамт түүний хоёр хүү, экс Дотоод хэргийн сайд, хамгаалалтын албаны зургаан дарга нар мөн шүүгдэж байгаа гэнэ. 85 настай Хосни Мубарак өчигдөр шүүх хуралд цагдаагийн өндөр хамгаалалтан дор тэргэнцээр хүрэлцэн иржээ.

Хосни Мубарак өнгөрсөн 2012 оны зургадугаар сард болсон шүүх хурлаас олон тооны босогчдын амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа шоронд хорих ял сонссон билээ. Түүнчлэн шүүхээс тухайн үед түүний дор Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Хабиб аль-Адли ч мөн бүх насаараа хорих ял оноосон бол хамгаалалтын албаны зургаан даргын хэргийг цагаатгасан аж.

Үүний зэрэгцээ өчигдөр Египетэд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний ерөнхий зааварлагч болон түүний дор ажиллаж байсан хоёр сайдыг шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Тэднийг өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Каир хотноо болсон бослого үймээний үеэр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний тэргүүнүүдийг эсэргүүцэгчдийг хөнөөсөн хэрэгт буруутган шүүх аж. Шүүх хурал ирэх аравдугаар сарын 29-нд болох юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж