Түгжрэлгүй замаар зорчихсон

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Түгжрэлгүй замаар зорчихсон

Улаанбаатар хотын төв хэсэг өчигдөр сэлүүхэн өнжсөн ч гэр хороолол руу битүү түгжрэв. Хараал идсэн авто машины түгжрэл гэр хорооллын замыг ийн нөмөрчээ. Тоосго ачсан Зил-130, гэр ачсан портер машин, суудлын жижиг тэргүүдийн араас сууж явсан автобус маань зүтгэсээр л. Энэ их сунжирсан автомашины түгжрэлийн эхлэл нь үл харагдах шигээ төгсгөл ч бас хаахна хүрээд дуусч байгааг мэдэх арга алга. Гагцхүү энэ их цаг идсэн түгжрэлд тэрхүү олон автомашин хэчнээн литр бензин, шатахууныг дэмий шатааж байгаа бол гэж бодохоор тооцоо ч хийж үзмээр. Ямарч байсан өмнө талд харагдах 20 гаруй автомашин, хойно зогсох мөн тооны машин Баянхошуунаас Зурагт хүрэхийн тулд бүтэн нэг цагийг зарцуулсан юм. Нүдэнд харагдаж багцаалж байгаа авто машины тоо тэр. Түүнээс авто машины цувааны эхлэл, төгсгөл хоёрыг яс тооцвол түүнээс ч олон тоог хэлэх хэрэгтэй болох биз.

Автобус маань МҮОНРТ-ийн өмнөх замд орж ирэхэд түгжрэл багасч Эх нялхсын буудлаас цааш “сум” шиг давхив. Торох зүйл байсангүй, хотын төвд тавхан минутын дотор давхиад ирлээ. Бүтэн цаг түгжрэлд ороод гэнэт торох юмгүй зорьсон газраа ирсэн зорчигчдын хувьд “Хотын төв ямар сайхан сэлүүхэн байна аа” хэмээн дуу алдацгааж, “Дугаарын хязгаарлалтыг гэр хороололд хүртэл хэрэгжүүлээд, нийтийн тээврээ саадгүй явах боломжоор хангачихвал хүн бүр унаа унаж, бие биедээ дараа болохгүй түгжрэлийг шийдвэрлэх боломж байгаа юм биш үү” хэмээн санаа оноо ч гаргаж үзэв. Мөн нэг зорчигч “Цаашид ч дугаарын хязгаарлалтыг үргэлжүүлэх хэрэгтэй. Авто замынх нь хязгаарлалтын хүрээг өргөжүүлэх хэрэгтэй юм байна. Харин энэ арга хэмжээг авахдаа автобусаар иргэдийг үнэгүй зорчуулдаг болчихвол хүн бүр унаа унахыг хүсэхгүй шүү дээ” гэж байна. Кондуктор ч “Зөв санаа. Дээр байдаг дарга нар дэмжээд ажил хэрэг болгочихвол нийтийн тээвэр ч жинхэнэ утгаараа хөгжинө шүү дээ” гэж хүч нэмлээ. Кондуктор эгчтэй  хууч хөөрвөл том оврын автобусныхан орлогоороо цалинждаг. Хэрвээ тухайн сардаа орлогоо биелүүлэхгүй бол цалингаасаа хасуулна. Авдаг цалингаасаа тануулахгүйн тулд зарим үед шугам давхацдаг автобустай орлогоо булаацалдан давхихаас аргагүй болдогоо ч нуусангүй.

Дэлхийн жишгээр бол нийтийн тээвэр орлогын хойноос хөөцөлдөх ёсгүй, зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай орчинг тэргүүнд тавьдаг. Тиймээс нийтийн тээврийн салбарт төрөөс татаас өгч оронд нь иргэд үнэгүй зорчих эрх үүсдэг. Манайд энэ талын оролдлого хийгдэж байгаа ч зөвхөн “Цахилгаан тээвэр” компанийн троллейбусууд үнэгүй үйлчилж буй нь хамрах хүрээний хувьд тун ядмаг аж. Тодруулбал, Хороолол III-IV, Үйлдвэр комбинат, Ханын материал, Офицеруудын ордон гэсэн хэдхэн маршрут руу цөөн тооны троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нь 1 сая хол давчихаад байгаа нийслэлийн иргэдэд хаанаа ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Хэрвээ энэхүү үйлчилгээний хүрээг тэлээд том оврын автобус компаниудыг хамруулчихвал үр дүнг нь ард түмэн л  хүртэнэ. Бас нийтийн тээврийн салбараа шинэ шатанд гаргачих боломж бүрдэх ч юм билүү, хэн мэдлээ.

Автобус компаниудын холбоодоос гаргасан дүн мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 900 гаруй том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй аж. Энэ нь нийтийн тээврийн салбарт зөв бодлого барьж чадвал үйлчилгээ сайжирч, жинхэнэ иргэд рүү хандсан үйлчилгээ бий болох боломж байгааг салбарынх нь мэргэжилтнүүд тодотголоо. Үүний тулд нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг тодорхой хугацаанд үнэгүй болгож, үйлчилгээгээ сайжруулаад авч болох гарц бий аж. Ингэхдээ том оврын автобусыг богино эргэлттэй болгож, шугамандаа 2-3 минутын зайтай үйлчлэх нөхцлийг бүрдүүлчихвэл өнөөх цаг хугацаа, шатахуун хоёрыг ховх сорж байгаа түгжрэлийг сааруулах боломж гарч ирэх нь. Нэг үгээр хэлбэл, автобуснууд богино эргэлттэй болсноор хотын төв рүү шугам давхацуулан хэдэн зуугаараа орж ирэх шаардлагагүй болно. Харин иргэд хотын төвд хүрэхийн тулд 2-3 автобус сэлгэж сууна. Автобусны үйлчлэх минут нь 2-3 минутаар хэмжигдэх учраас хүлээх шаардлага бараг гарахгүй. Эцэстээ энэ бүхэн нь иргэдийн хувьд цаг хугацаа хэмнэх бол автобуснууд шатахуунаа хэмнэнэ. Цогцоороо энэ нь эдийн засгийн хэмнэлт авчирна. Хувийн ч бай, хувьсгалын ч бай автобус бүрийн түгжрэлд шатааж байгаа шатахуун бүр татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгө гээд хэлчихэд буруудахгүй биз. Учир нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, бага насны хүүхдүүдийг автобусаар үнэгүй тээвэрлэхэд зориулж улсын төсвөөс жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг. Төрийн өмчит автобус компаниудын хувьд дээрх татаасаас гадна бас нөхөн төлбөр авдаг. Мөн бид автобусанд суух бол том хүн 400, сургуулийн насныхан 200 төгрөг төлж үйлчлүүлдэг. Иргэдээс бэлнээр төлдөг мөнгөн дүн жилдээ хэд хүрдэг тухай албан ёсны дүн мэдээ олдохгүй байгаа ч баримжаагаар нийтийн тээврийг үнэгүй болгоход шаардагдах мөнгөний багагүй хэсэг нь иргэдийн халааснаас гардаг байж мэдэх нь. Харин энэ бүх мөнгөн дүнгийн хэдэн хувь нь өнөөх хараал идсэн түгжрэлд зогсохдоо шатаасан шатахуунд зарцуулаа бол… Хэрвээ тэрхүү түгжрэлд шатаасан мөнгийг иргэдийг үнэгүй зорчиход нь зарцуулж, оронд нь нийтийн тээврийн салбараа метро зураглалд оруулж хөгжүүлэх боломжийг туршаад үзвэл яасан юм бэ. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг, олон жилийн турш ярьж байгаа нийтийн тээврийн маршрутыг метро зураглалд оруулах төлөвлөгөөг ажил хэрэг болгох боломжийг энэхүү дугаарын хязгаарлалт хийж байгаа хугацаанд ч туршаад үзэж болно шүү дээ. Ийм зоримог алхмыг нийтийн тээврийн салбараас хиймээр байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийтийн тээврийн салбарыг үнэгүй болгоход жилдээ улсын төсвөөс 120 тэрбум төгрөг гаргахад л хангалттай гэсэн. Гэхдээ жилээр тооцохоо болъё, тэр даварсан хэрэг болох биз. Гол нь 900 гаруй автобусыг богино эргэлтэнд оруулж иргэд 2-3 автобус сэлгээд зорьсон газраа хүрэхэд хэдий хэмжээний хугацаа шаардаж байна, туршилтын хугацаа дуусч нийтийн тээврийг үнэтэй болгоход зорчигчийн тасалбарын үнэ хэд байвал болох нь вэ гээд энэ бүгдийг тооцож яагаад болохгүй гэж… Түгжрэлийг сааруулахад нийтийн тээврийн салбарын оролцоо чухал болоод байна шүү дээ.

Тэгээд ч мэргэжилтнүүдийн тооцооллоор том оврын автобусыг богино эргэлттэй болгосон нөхцөлд түгжрэл саарах төдийгүй эдийн засгийн хэмнэлт гарах боломж бийг ч сануулж байна. Энэ нь чухамдаа нийслэлчүүд түгжрэлгүй замаар давхисаар гэртээ, ажилдаа, сургуульдаа хүрч, амралтынхаа өдрүүдэд хотын баруун захаас зүүн захад, хойд зүгээс урд зүгт саадгүй хүрэх гарц нээгдэнэ. Нийтийн тээврийн салбар улс орны хөгжлийг тодорхойлох бас нэгэн хэмжүүр биш гэж үү? Түгжрэлгүй замаар зорчмоор байна шүү дээ. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж