Музейн барилга, МАН-ын даажигнал

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Музейн барилга, МАН-ын даажигнал

Энэ сарын 9-нд хуралдсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хуучнаар Лениний музей буюу “Чандмань” төвийн барилгыг төрийн өмч хэмээн үзэж, уг барилгыг анх барьсан музейн зориулалтаар нь ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэр дагуу энэ зунжин Сүхбаатарын талбайд “оторлосон” динозаврын ясыг музейн байшин руу нүүлгэж, уг барилгыг Үлэг гүрвэлийн музей болгон ашиглахаар болсон.

Хэдийгээр шүүхийн шийдвэрээр АНУ-аас буцаагдаж, эх орондоо ирсэн Т-Батаар үлэг гүрвэл гурван сар гадаа хэвтсэний эцэст ингэж нэг хууль ёсны оромжтой болсон ч Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын дараа “Дээд шүүхэд гомдол гаргана” гэсэн МАН-ын байр суурь хэвээрээ байгаа бололтой. Шүүхийн шийдвэр энэ сарын 9-нд гарсан, үүнээс хойш долоо хоногийн дотор шүүхийн шийдвэр маргалдагч талууд дээр бичгээр очих ёстой, дахиад 14 хоногийн дотор МАН давж заалдах өргөдлөө гаргах ёстой гэж үзвэл энэ долоо хоногт МАН давж заалдах өргөдлөө Дээд шүүхэд өгөх юм байна.

Одоогоос бараг 30 жилийн өмнө дунд сургуулийн бага ангид байхдаа Лениний музейн хаалгаар анх удаа орж байсансан. БНМАУ-ын Соёлын яамны захиалгаар 1974-1980 онд баригдсан энэхүү барилга тухайн үедээ Улаанбаатарчуудын хувьд архитектурын цоо шинэ шийдэл бүхий, музейн зориулалтаар баригдсан анхны бөгөөд цорын ганц барилга байсан юм. Одоо ч тэр хэвээрээ, гүйцэтгэгч нь оросууд. Музейд Оросын хувьсгалын удирдагч В.И.Лениний эдэлж хэрэглэж байсан зүйлс, хүүхэд насны дурсамж, бичсэн ном зохиолоос гадна тухай үедээ бидний ой ухаанд бол Улаан талбай дахь Лениний мавзолейгоос дутахааргүй том, хэвтээ дүр нь хүртэл байдаг байлаа. Тэр үед хүүхдүүд хоорондоо “Энэ чинь Лениний өөрийнх нь шарил юм гэнэ. Үхжүүлэхгүй хэвээр нь хадгалахын тулд байнга хүчтэй тариа шахдаг гэсэн” гэж хүртэл шивнэлдэж байв. Яалаа л гэж Лениний шарил манайд байх вэ дээ. Гэхдээ л тэр үеийн хүүхдүүдэд зузаан шилэн хоргонд байрлуулсан Оросын хувьсгалын удирдагчийн бүтэн шуумал “амьд бурхан” мэт үзэгдэж, араас нь эмгэнэн гашууддаг байв. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг музейн хана, тааз бүхэлдээ час улаан хилэнгээр бүрэгдэж, түүн дээр суурилуулсан хар цагаан хөрөг зургууд яг л талийгчийн шарилын өмнө биднийг аваачсан шиг санагдуулна. Ялангуяа арав хүрээгүй Володягийн зураг, ээждээ бичсэн захиа гэх мэт нь биднийг хамгийн их эмзэглүүлдэг байв.

Гэвч нийгэм өөрчлөгдөж, Орос, Монгол хоёулаа социализмаас нүүр буруулсаны дараа Лениний музей ч бас байхаа болж, уг барилга “Чандмань” төв нэртэй болон тухайн үеийн МАХН-ын өмчид очсон юм байж. Тэр үеийг бол оюутан байхдаа очиж байсан баар, цайны газар, видео үзвэрийн газраар нь төсөөлөх юм байна.

1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх авсаны дараа Төрийн өмчийн хороог байгуулж, төр өмчөө бүртгэж эхэлсэн билээ. 1997 онд ТӨХ Лениний музейг бүртгэж авах гэтэл МАХН өмчлөлийн маргаан гаргаж, анхан шатны шүүхээс түүнийг “төрийн өмч мөн” хэмээн тогтоосон байна. Гэвч Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс “намын өмч” гэсэн шийдвэр гарч, Намын түүхийн институт байрлаж байгаад хожим МАХН “ашиглагч”-ийн статустай авсан байна. Одоогийн хуулиар бол “өмчлөгч” бус, “эзэмшигч” гэсэн үг. Тухайн обьектийг өмчлөгчтэй нь тохиолцон тодорхой хугацаагаар ашиглах эрхтэй гэсэн үг. Тэр үеэс л Лениний музей түрээсийн байр болсон билээ. Тэнд баар, ресторон, тоглоомын газар, архины дэлгүүр, валют арилжаа, видео прокат гээд ороогүй юм байхгүй. Түрээсийн орлого нь харин МАХН-д ордог байсан юм билээ.   

Харин 2013 он гарсны дараа тухайн үед АНУ-ын талаас Т-Батаарыг авах нь бараг тодорхой болчихоод байсан Засгийн газар “Чандмань” төвийн барилгыг Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэж, тэр цагаас эхлэн дөрвөн ч удаагийн шүүх хурал зарлагдаж, хойшилж, янз бүр болж байж энэ  сарын 9-нд хуралдсан давж заалдах шатны шүүхээс тус барилгыг төрийн өмчөөр тогтоон, Үлэг гүрвэлийн музей болгосон билээ. Гэвч МАН-ынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ сүүлийн шатны шүүх хурлын дараа ч мөн хэлсээр байсан. Дээд шүүхэд хаягласан тэдний өргөдөл нь эзэндээ очвол шүүхийн маргаан дахиад хоёр сар үргэлжлэх болно, энэ хооронд үзмэрүүдээ яана хэмээн ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл сэтгэл зовнингуй ярьж байна.

Музейн барилгын хувьд ч яах вэ, өнөөдөр нэгэнт маргаан нэг талдаа таслагдаад төрийн өмч гэдэг нь тогтоогдож, музейн зориулалтаар ашиглагдаж эхэлсэн болохоор Дээд шүүхийн шийдвэр зөв талдаа гарах биз хэмээн найдна. Гэтэл музейд хадгалагдаж байсан түүхийн үзмэрүүд хаачсан бэ гэдэг асуулт бас хэнгэрэг дэлдэж байна. Шүүх хурлын үеэр лав ССАЖЯ-ыг төлөөлж оролцсон хуулийн зөвлөх Т.Энхбаяр “Лениний музейд байсан түүхийн үзмэрүүд хаачсан бэ” гэдэг асуултыг МАН-ын талд тавиад хариу аваагүй юм байна лээ. Музейн ерөнхий дэвтэр гэдэгт уг музейн бүх олдворыг бүртгэж бичсэн байдаг ч МАН-ын удирдлагуудаас уг дэвтрийг шаардахад “Долдугаар сарын 1-ний үеэр галд шатсан” гэдэг хариу өгсөн байна. Тиймээс баримтат кино болон бусад материалуудыг шүүн үзсэний үндсэн дээр Лениний музейд нийт 4970 гаруй үзмэр байсныг тогтоожээ. Харин эдгээрээс одоо хэд нь бүрэн бүтэн байгааг мэдэх аргагүй.

Нэгэнт Оросн талаас манай Соёлын яаманд бэлэг болгон өгсөн музейн үзмэрүүд, түүхийн дурсгалууд хаачсан нь тодорхойгүй учраас ССАЖ-ын яамнаас уг хэргийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газар хүсэлт гарган хэрэг нээлгэсэн байна. Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан мөрдөгчийн хамгийн сүүлд хэлснээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой. Үүнийхээ шалтгааныг “Музейн үзмэрүүд алдагдаагүй, МАН-ын байранд хадгалагдаж байгаа гэсэн” гэсэн хариултыг бидэнд өглөө. Гэтэл ССАЖЯ-ны нөхдүүд энэ тухай өнгөрөгч долоо хоногийн баасан гариг хүртэл огт мэдээгүй, бас музейн үзмэрүүд одоо болтол Соёлын яаманд шилжээгүй байдаг нь хачирхалтай. Магадгүй МАН музейн барилгыг дахин буцааж авна, музейн үзмэр ч бас тус намын хууль ёсны өмч гэдэгтээ одоо болтол итгэлтэй хэвээр байгаа юм болов уу. Эсвэл МАН-тай хамт устах тавилантай хэрэг үү?

Төрийн өмч бол эзэнгүй өмч, түүнд хэн ч эзэн сууж болно гэсэн үзэл өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьж байсан нөхдөд хатуу сууж, бичигдээгүй хууль болон үйлчилж ирсэнийг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ энэ удаад музейг тойрсон МАН-ын даажигнал арай л хэтрээд байгаа юм биш үү. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. Төр төмөр нүүрээ үзүүлж, эзэн нь юмаа мэдэх цаг эрхгүй болсон баймаар.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж