Г.Буяндоржийн дуулиан хийгээд баривчилгаа

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Г.Буяндоржийн дуулиан хийгээд баривчилгаа

Өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна

-“Ноёд” группийн захирал Г.Буян­доржийг эрэн сурвалжилж байгаа, барив­чилсан, үгүй гэсэн дуулиан өнгөрсөн долоо хоногт идэвхтэй үргэлжлэв. Г.Буяндоржийн эхнэр, дуучин Т.Ариунаа “Г.Буяндоржийг эрэн сурвалжлаагүй, шалгуулсан хэрэг байхгүй, харин ч хохирогчоор мэдүүлэг өгч байгаа” гэсэн бол албаны эх сурвалж “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн, мөрдөн байцаалтын үед Г.Буяндорж нь цаг хугацаандаа байцаалт өгөлгүй, алга болсон тул эрэн сурвалжилж эхэлсэн гэж мэдээлсэн юм. Дараагийн мэдээлэл нь түүнийг энэ сарын 16-нд баривчлан ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад өмгөөлөгч, болон ар гэрийнхний хүсэлтээр түүнийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт буюу энэ сарын 19-нд батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа аж.

“Ноёд” группийн захирал Г.Буян­доржийг Дарханы төмөрлөгийн үйлд­вэрт мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу, ерөнхий нягтлан бодогч Д.Даваадорж нарыг мөн шалгаж эхэлсэн” гэж “Улс төрийн тойм” сонин мэдээлж байсан юм.

-Наймдугаар сарын 19-нд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал асан Б.Бямбааг баривчлан саатуулав. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч,  ямар ч тендергүй барилга бариулж, сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх гомдлын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тэрээр сургуулийн мөнгөөр бариулсан орон сууцанд өөрийн хүү болон ойр тойрныхоо хүмүүсийг оруулсан нь шалгах үндэслэл болсон гэнэ. Одоогоор уг хэрэгт холбоотой байж магадгүй удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авч байгаа аж.

-“Хөтөлийн цемент шохой” компа­нийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг энэ сарын 20-нд Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас баривчлан, саатуулсан юм. Үүнд нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн ашиглангийн хэрэг яригдаж байгаа бөгөөд А.Шоовдор захирлын эхнэр болоод Хангамжийн хэлтсийн даргын хүүг ч бас баривчилсан тухай эх сурвалж хэлж байна. Хангамжийн хэлтсийн даргын хүү тус үйлдвэрийн гол түүхий эд болох шатдаг занарыг нийлүүлдэг ажээ. Эдгээр долоон хүний гурвыг нь наймдугаар сарын 22-нд суллаж, үлдсэн дөрвийг нь үргэлжлүүлэн саатуулах асуудлыг прокурорт тавьсан байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин  №026

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж