
Гэтэл гал гарсан даруйд Ерөнхий сайд “Бүх талаар тусална” гэдгээ хэлэв. Ерөнхий сайд сайн хүн байж болно. Гэхдээ Ерөнхийлөн захирагч байж таарахгүй. Түрээслүүлэгч Сайхансамбуу юу ч хэлээгүй байхад Ерөнхий сайд энэ үгийг хэлэх нь тийм таатай зүйл мөн үү. Түрээслэгч Сайхан гэдэг нөхөр, Самбуу гэдэг хүний байранд бараа зарна гэж мөнгө төлсөн л бол нөхөр Самбуу хариуцлагаа хүлээгээд хохирлыг барагдуулах ёстой. Энэ бол тийм ч ойлгомжгүй зүйл биш. Зөв үү, буруу юу гэдгийг асуугаад байх ч юм биш. Нөхөр Самбуугийн түрээслүүлдэг байранд бараагаа зарж байгаад шатаалгасан Сайхан, Самбуугаас хохирлоо нэхэх бүрэн үндэстэй. Төр, Самбуу хоёр яасан юм бэ гэж үү? Төр ч, Самбуу ч шатаагаагүй. Гэхдээ түрээслэгчид түрээслүүлэгч Самбууд мөнгөө өгөөд, бараагаа зарж байсан бол Самбуугаас л асуух, мөнгө гуйх нь тэдний эрх.
Тэгвэл “Засаг, заяа хоёртоо гомд” гээд хохирогчдыг тэр чигт нь хаях гэж үү. Ингээд орхих нь сүүлийн сонголт биш. Яг энэ тохиолдол бүх юмыг нөхөр Самбуу үүрнэ. Самбуу гуай санаатай шатаагаагүй ч түрээслэгчдийн мөнгөөр өдийг хүрсэн болохоор тэр л асуудлыг зохицуулах учиртай. Угаасаа тэг гэж зах зээлийн цэвэр тогтолцоо байдаг юм. Ийм л орчинг бүрдүүлэх гэж бид 20 гаруй жилийн өмнө тэмцсэн юм. Түүнээс биш энхрий хайрт нам, төрийн ивээл буянаар бүгдийг зохицуулах гээд байдаг хуучин системтэйгээ зууралд гэж тэмцээгүй.
Яг энэ тохиолдолд бэлэн бай гэж 200 гаруй жилийн тэртээ даатгалын систем бүрэлдсэн юм, уг нь. Зуурдын зовлонг хэн ч урьдчилан мэдэж чадахгүй. /Үйл явдлыг алдалгүй таадаг зөгнөгч биш л бол шүү дээ/ Тийм учраас хэзээ ч тохиож болох аюулаас хамгаалж, эзэн, ажилчин хоёр хоёулаа даатгалд хамрагдаж, зовлонгоо гэтэлгэх арга дэлгэрсэн нь энэ. Хэрвээ түрээслэгч Сайхан, түрээслүүлэгч Самбуу хоёр үүнийг урьдчилж хараад даатгалд хамрагдсан л бол одоо тэвдээд байх зүйлгүй. Тэд хүний амь нас л эрсдээгүй байгаасай гэж сууна уу гэхээс хохирлыг хэн барагдуулнаа гээд үсээ зулгаагаагаад суухгүй л байсан. Хэрвээ тэд даатгалд хамрагдсан бол нөхөр Самбуу бажигадаж, сайд Н.Алтанхуяг бүх ачааг нуруун дээрээ үүрэхгүй байсан юм.
Эцэст нь Ерөнхий сайдаас гуйя. Мэдэгдэл хийгээд, од болоод байлгүй тэднийг зүгээр л орхичих. Түрээслүүлэгч нь ямар нэгэн зүйл хийнэ. Тэгээд л гүйцээ. Та л битгий татвар төлөгчдийн мөнгөөр “буян” хийгээрэй дээ.
2013.08.23-ны 06.15 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарч, нэг хүн амиа алдсан. Өнгөрөгч ням гаригийн байдлаар хохирогчийг хэн болохыг нарийвчлан тогтоогоогүй байв. Галын тархалтыг тухайн өдрийн 15.00 цагт зогсоосон ч, дээвэр нурах гэх мэт аюултай байдал үүсэхээс сэргийлж, цагдаагийн хамгаалалт гаргаад байсан юм. Харин ил талбайд худалдаа эрхлэгсэд худалдаагаа үргэлжлүүлэх, шатсан обьектод ажиллаж байсан иргэд дотогш орж, нөхцөл байдлыг харахыг шаардаж байлаа. Ингээд аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр наймдугаар сарын 25-ны ням гаригт тус захын задгай талбайг ажиллуулж эхэлсэн. Эд материалын хохирол амсаад байгаа түрээслэгчдийн хохирлыг хуулийн дагуу барагдуулах болно гэж Нарантуул худалдааны төвийн удирдлага болон албаны хүмүүс хэлж байна. Хохирлын хэмжээ болон гал гарсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн шалгалтаар тус захад илэрсэн зөрчлийн биелэлт 80 хувьтай, заавал биелүүлэх албан шаардлагын биелэлт хангалтгүй, зөрчил дутагдлыг арилгаагүй, өгсөн үүргийг биелүүлээгүй гэсэн дүгнэлт гарсан. Барилгыг барилга байгууламжийн комиссын шийдвэргүйгээр өөрөөр хэлбэл ямар ч зөвшөөрөлгүй байсан гэнэ.
“Нарантуул” ОУХТ-ийн барилга нь 1999 онд баригдсан төмөр бетон каркас тулгуур баганатай, дээврийн хийц гурван хэсэг хагас дугуй хэлбэртэй, ханын өрлөг нь хөнгөн блок, гадна талаараа сендвич төмөр ханатай Тус худалдааны төвд нийт 300 гаруй түрээслэгч, 98 павильон, 28 цайны газар ажилладаг байжээ.
Өнгөрөгч ням гаригийн байдлаар нэгдүгээр давхрын нурангиас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/, зургаа орчим сая төгрөг бэлнээр, мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулж байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026