Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Монгол “эрх чөлөө”

Монголд сүүлийн үед өрнөж буй элдэв “тоглолт”-уудаас   сонин  үзэл үнэртэж,  мэдрэгдэж бас харагдаж байна. Сүхбаатарын талбайд хэсэг  “эх орончид” бууриа засчээ.  Тэд “Гал үндэстэн” байна уу, газар шороогоо хамгаалагчид нь байна уу хамаагүй. Хамгийн гол нь Засгийн газрыг огцрохыг шаардсан морьтон харчуудын авираас эх оронч үзэл бус, анархизм  нэвт ханхалж байгаа нь  харамсмаар байна. Тэдэнд энэ Засгийн газ­рыг огцруулах үнэндээ сонин биш. Учир нь  тэдэнд өчигдрийн, өнөөдрийн бас маргаашийн засаг ч  таалагдахгүй.  Ми­ний мэдэ­хийн  л иргэний хөдөлгөөнийхөн бас байгаль хам­гаа­лахынхан С.Баярын, М.Энх­­болдын Засгийн газрыг эсэр­гүүцэж явсан. Тэд­ний зүрх эх орныхоо тө­лөө шимширдэг байсан бол төв талбайгаа хогийн цэг, хомоол­ны газар болгохгүй байсан биз.

Тавантолгойн төс­лийг Зас­гийн газраас хэрэгжүүлэхтэй холбоо­тойгоор зарим иргэний “эх оронч” үзэл сэргэжээ. Гэх­дээ эх оронч үзэл гэхээсээ илүү хэсэг нөхдүүд амбицаа гаргаж буй явдал. Стратегийн гэх тодотголтой энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруу­лахыг эсэргүүцэх иргэдийн хувьд Тавантолгойн ордоос 536 бус 1040 хувьцааг олон ний­тэд олгох ёстой хэмээн мэдэгдэж байна. Тэд “эх орон газар нутгийнхаа төлөө энэ хувь­цаанаас татгалзлаа” гэж хэл­сэн билүү. Оростой хамтрах уу, Японтой түншлэх  үү гэдэг нь иргэдэд чухал гэж үү. Энэ төслийн хүрээнд ажилгүйдэл буурч, амьжиргааны төвшин өсч, авдаг хэд маань нэмэгдэж бай­вал Содов нь авна уу, Мятав нь авна уу бидэнд хамаагүй биз.

Орон сууцны VII хороол­лын хэсэгчилсэн ерөнхий төлөв­лө­гөө­ний дагуу Сүхбаа­тар дүүр­гийн 9, 10, 11,12-р хо­роог хамарсан 210 га тал­байг байржуулахаар болсон нь зарим иргэдийн дургүйг хүр­гэжээ.  210 га буюу долдугаар хороолол баригдах энэхүү газарт одоогоор 2100 өрх оршин суудаг  бөгөөд тэдгээр иргэд “төр бидний газрыг хэтэрхий хямдхан үнээр худалдаж авах нь хэмээн хямралтайгаар гомд­лоо илэрхийлэв. Тэгвэл  угаар, утаагаараа амьсгалаад үнс нурмандаа дарагдаад л амьдраг л дээ.  Уг нь Улаанбаатарчуудын хувьд гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг улс төржүүлэх шаардлагагүйсэн. Өөрийнхөө болон үр хүүх­дийнхээ эрүүл мэндийн бодсон ч энэ шийдвэрийг иргэд алгаа ташин хүлээж авах ёстой байх.

“Онги гол” хөдөлгөөнийхөн уул уурхайн нэгэн компани руу буудсан дуулиан өнөө хэр намжаагүй.   Газар нутгаа хамгаалах гэсэн тэдний санаа  зөв  ч тэмцэл нь харин утгаа алдаж.   Гэгээн цагаан өдрөөр буу барин дайрсан тэдний галт зэвсэгт хэн нэгэн өртсөн бол.

 Энэ мэт үйл явдуудлыг харахад монголчуудын эрх чөлөө “хэтэрчээ”. Дуртай газраа нус цэрээ хаяж, дургүйгээ хүрвэл өлсгөлөн суулт болох иргэдэд эдлэх эрх чөлөө байдаг шигээ, хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Тиймдээ ч нэг хүний эрх ашиг хэзээ ч нийтийнхээ дээгүүрт тавигддаггүй билээ. Махны үнэ өсөх, мал үхэх, малчид өвчин тусахад хүртэл буруутгагддаг төргүй бол мон­голчууд хэн байхсан бол. Оюутнуудын сургалтын төл­бөр, автобусны мөнгийг нь хэн дааж, ахмад настан, ажил­гүй иргэдэд хэн тэтгэвэр, тэт­гэмж өгөх билээ. Төрийн бодлогод буруу нь ч бий. Бас зөв нь ч бий.  Төв талбайгаа “морин зэл” болгож, төрийн цагдаагаа зоддог улс орон Монголоос өөр  бий болов уу, ин­гэхэд. Төрийнхөө алдааг шүүмжлэх нь иргэний үүрэг ч асуудал болгоныг хэтэрхий улс­төржүүлж, аливаа шийдвэр бүхэнд  сөрөг хан­даад байвал энэ улсын ирээдүйн хөгжил юу болох билээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж