IJF-ийн тэргүүн улиран сонгогдов

Хуучирсан мэдээ: 2013.08.25-нд нийтлэгдсэн

IJF-ийн тэргүүн улиран сонгогдов

Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрөгч баасан гаригт хуралдсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит чуулганаар өнгөрсөн дөрвөн жилд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Мариус Визер дахин дөрвөн жилээр албан тушаалдаа улиран томилогджээ.

IJF-ийн ерөнхийлөгчийн албыг 2007 оноос хашиж буй тэрбээр өнгөрсөн хугацаанд жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсныг чуулганы үеэр гишүүд онцолсон байна.

Рио-де-Жанейрод болсон чуулганаар мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгожээ. Үүнд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын найз, Санкт-Петербургийн жүдогийн клубын тэргүүн Аркадий Роттенбергийг Хөгжлийн менежерээр, АНУ-ын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Хосе Хамберто Родригезийг Хөгжлийн захирлаар сонгосон байна. Түүнчлэн IJF-ийн удирдах төвшинд олон жил ажилласан Хеди Доуибийг Олон улсын харилцаа хариуцсан захирлаар томилжээ.

Сануулахад, Бразилийн Рио-де-Жанейро хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх бөгөөд Монголын жүдочид 19 тамирчны бүрэлдэхүүнтэй Риод очоод байна.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж