АНУ Сирийн хэрэгт цэргийн хүчээр оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2013.08.25-нд нийтлэгдсэн

АНУ Сирийн хэрэгт цэргийн хүчээр оролцох уу?

АНУ Сирийн сөргөлдөөнд цэргийн хүчээр оролцож болох хувилбар дэвшүүлж эхлэв. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар Пентагон ойрын өдрүүдэд  энэ төлөвлөгөөгөө Ерөнхийлөгч Обамад танилцуулах гэнэ.

Сирийн иргэний дайнд химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэл гарсны дараа АНУ-ын зүгээс Сирийн сөргөлдөөнд цэргийн хүчээр оролцох боломжийн бэлтгэл хийж эхэлжээ. Цэргийнхэн өмнө бэлтгэсэн төлөвлөгөөгөө шинэчилж эхлэв. “Одоо агаарын цохилт өгч болох байнуудын жагсаалтыг гаргаж, дахин шинэчилж байна” хэмээн цэргийн өндөр тушаалын хүн CNN телевизид мэдэгджээ. Мөн Газар дундын тэнгист цэргийн хүчийг нэмэгдүүлэх гэнэ. Тэнд байгаа цэргийн хөлөг онгоцнууд дээр нэг эсминец нэмэгдэх аж.

Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цэргийн оролцоо хийхээр шийдсэн нөхцөлд хэд хэдэн хувилбартай дайны төлөвлөгөөг Цэргийн яам ойрын өдрүүдэд Барак Обамад танилцуулна гэж Пентагоны тэргүүн Чак Хейгел сэтгүүлчдэд мэдэгдэв. Хэрэг явдал хэрхэн өрнөх бүх боломжийг тусгасан төлөвлөгөөг бэлтгэж байгаа гэдгийг тэр онцолсон байна. Хейгел хэлэхдээ, Башар Ассадын дэглэмийн эсрэг  байлдааны үйл ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргаагүй гэлээ. Мөн тэрээр төлөвлөгөөний дагуух тодорхой асуултад хариу өгөхөөс татгалсан байна.

Химийн зэвсэг хэрэглэсэн баримтуудыг цуглуулахад хугацаа хэрэгтэй

Жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, хэрэв Ерөнхийлөгч Ассадын дэглэм нь химийн зэвсэг хэрэглэвэл дэглэм “улаан шугам”-ыг алхсан хэрэг болно гэснийг мэдээллийн агентлагууд сануулж байна. Гэвч энэ талаар тодорхой мэдээлэл  байхгүй байгаа.

Тусгай албадын эх сурвалжийн мэдээний дагуу “Reuters” агентлаг мээдээлэхдээ өнгөрсөн лхагва гаригт Сирийн арми Дамаскийн ойролцоо хорт бодис хэрэглэсэн гэх урьдчилан гаргасан дүгнэлт байгаа гэв. Европын болон Америкийн тусгай албад химийн зэвсэг хэрэглэх мэдээллийг дээд удирлагаас нь өгсөн гэж үзэж байна. Мөн энэ цагаар АНУ-ын тагнуулын албаныхан уг тушаалыг нэгэн анги нэгтгэлийн дарга өгсөн байхыг үгүйсгэсэнгүй. Шинжээчдийн хийсэн судалгаа шинжилгээгээр зөвхөн урьдчилсан дүгнэлт гарсан гэж таамаглаж байна. Химийн зэвсэг хэрэглэсэн баримтуудыг  цуглуулахад олон хоног шаардах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж