Авлига, хүнд суртал, танил тал. “А” үсэг байж гэмээнэ ажил бүтэх мөнгөний эх оронд тамтаггүй үйлдэл газар авч, талын Монгол минь тархай бутархай эдийн засагтай болов. Далд эдийн засаг ил далд цэцэглэж, түүнээс саах нь хөлжиж аваад манийгаа мартлаа. Хөгжлийн тэргүүлэх салбараа ад үзэн хөөгөөд, адаг сүүлд нь улсаараа амаа барин, гансран сууна. Байгаагаа барж, байшингаа нурааж тоглосон улсын эзэд хаачив. Үнийн өсөлтөд живэн буй сонгогч түмнээ бодмоорсон. Сонгуулийн жил хэзээсэн билээ.
Тэс хөндлөн тоглоомын дүрмээр тас гээд зүтгэх этгээд сонин эрх баригчид. “Тавтай морил” гэж урин залаад тал талаас нь “хэрээ” мэт зулан идэх улстөржилт. Үсрэнгүй хөгжил, үндэсний нийт бүтээгдэхүүний “галзуу” өсөлтөөр ард түмнээ “угаах” танай, манай намынхан. Хэлсэндээ хүрдэггүй, гэрээний соёл гэгчийг үл мэдэх Монголын төрд “Рио Тинто” хатуурхаж, Засгийн газарт “шанаа” өгөв. Амсах учиртай, хүртэх ёстой үйлийн үр аж. Мордохын хазгай гэж энэ байх.
Зангаа хувиргасан төрийн явдал замын дундаа ил болов. Орлогогүй төсвөөс үүдэн улсын хөгжил нэг жилээр ухарлаа. Ухрах эрхийг нь улсын эзэд өгөв бололтой. Улстөрийн хийрхэл, сонгууль дамнасан сүрхий амлалт, зарим улстөрчийн мунхаг “шоу” ийн эдийн засаг “хог” болоход нөлөөлсөн хэрэг. Эх орондоо хайртай энхрий гишүүдийн минь гавьяа энэ. Улстөрчдийн баталсан хууль цаг хугацааны явцад шоглоом болж, эдийн засгаар тоглоом хийв. Өөрсдөө ч хүнд байдалд орж, нэр төр нь сэвтлээ. Ардын сэтгэл ч эргэв. Уг нь ийм зүйл болно гэж хэн нь ч бодоогүй л байх. Гэхдээ гарч болох эрсдэл хийгээд гайхуулж болох алдрыг наана нь тооцмоор юмсан.
“Хуулийн нэр уртсах тусмаа хууль хог болдог” гэдэг үнэн бололтой. Үүнийг нотлох “Урт нэртэй” хуулиас гадна “Стратеги” гэх үгээр бялуурсан гаднын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хөгжлийн эдийн засгийн жинхэнэ “алуурчин” болж хувирлаа. Өнөөдрийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал хууль эрхзүйн мэдрэмжгүй шинэчлэлээс үүссэн болохыг сая улсаараа ойлгов. Үүний төлөөс ард түмний нуруун дээр буух нь дамжиггүй. Эхнээсээ ч буугаад ирлээ. Тухайлбал, Оюутолгойн 2000 ажилтны ард 2000 гэр бүлийн амьдрал, ирээдүй бий. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төсөл 2000 хүнээ гэнэт халахад хүргэсэн буруутан нь манай Засгийн газар, бидний сонгосон улстөрчид болохыг ухаарах цаг хэдийнэ иржээ. Тэд наашаа харан мишээж, цаанаа та бидний амьдралаар шатар адил нүүх. Эцэст нь мад хийх уйвагүй “гэгээнтүүд” юм байна.
Эдийн засгийн өсөлтийг царцааж, хямралд хүргэсэн шалтгаан нь дээр өгүүлсэн Монголын дотоод асуудал байлаа. Засаг нь засаглалаа сайжруулах, улстөрчид нь улсынхаа эрх ашгийг өөрийнхөө PR-аас өндөрт өргөж, ангид үзэх итгэл үнэмшил дутаснаар эдийн засаг найган ганхав. Оюутолгойн гэрээ онцын сайн гэрээ болоогүй ч өнөөдөр олон монголчууд тэндээс хамааралтай амьдарч байна. Зөвхөн Оюутолгойн ажилчид бус Оюутолгойг тойрон хүрээлсэн эдийн засаг “Рио Тинто”-г мөлжих бус уу. Гэтэл Тавантолгойгоо дампууруулсан Засгийн газар нэгэнт хөдөлсөн “Оюутолгой”-гоор дахиад туг залах нь юуны дохио вэ.
Унаж буй эдийн засаг, нуран буй Монголын нэр төр хэзээ өндийх бол. Төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, төгрөгтэй харьцах ам.долларын ханш урьдын түүхийг давтаж мэдэх нь. Монголын эдийн засагт гашуун сургамж цөөнгүй бий. Уншигч та санах биз ээ, 2009 оныг. Эдийн засагт эмгэг үлдээсэн тэр жилийн үйл явдал эргэн санахуйд өчигдөр мэт. Тухайн үед валютын ханшаа 60 хувиар алдаж, арилжааны банкуудын зээл царцаж байсан. Банкуудын нийт муу зээл 24 хувьд хүрч, тэд сандарч байв.
Төсвийн орлого хэцүүдэх нь. Өнөө жил хийх байсан сургуулийн их засвар хойшилж, сумын сургууль хичээлийн шинэ жилээ урдын хэвээр угтаж таарлаа. Энэ оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ий 11 хувьтай тэнцэх эрсдэл нэгэнт бий болж, хууль гууль болох нь. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ, Засгийн газар үг үсэггүй мөрдсөн бол төсөв өнөөдрийнх шиг хэцүү байдал орохгүй байлаа. Тухайн үед эрсдэл хийгээд хямралыг сануулж байсан Нээлттэй нийгэм форум, Дэлхийн банк, Монголынхоо эдийн засагчдын үгийг сонссон бол эс ингэх. Засгийн газрын хөөсөн төсөв болор хундага мэт эмзэг, хуурамч байсан нь илэрч байна. Эцэст нь хөрөнгө оруулалтгүй эдийн засаг элгээрээ хэвтэж, үр шимийг нь манай, танайхан гэхгүйгээр амсаад эхэллээ.
Монгол Улсын нийт мөнгөний 40 хувийг эзэмших төсвийн орлого энэ оны эцэс гэхэд 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг Монголын толгой эдийн засагч өгүүлэх. Уг нь өнөө жилийн төсвийн алдагдалыг УИХ тун гарамгай байж, ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр баталж өгсөн. Данхайсан төсвөө 356 тэрбум төгрөгийн алдагдалтай батлуулсан гээд Засгийн газар ч баяртай явсан. Үрэлгэн төсөвт завсар орохгүй удах аваас эдийн засаг засал авахгүй нь мэдээж. Тиймээс энэ оны төсвийг төрхөмд нь буцааж, төсвийн тодотгол оруулж, гойд нарийн танахаас өөр сонголт үлдээгүй аж. Тэгж эс чадваас төсөв “хог” болох гээд байна. Улсын эдийн засаг “мажийх” гээд байна.
Эвтэй байхдаа монголчууд хүчтэй л гэдэг. Тиймээс эдийн засгийнхаа эвийг сахиж, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхээс эдийн засаг жинхэнэ хямрах эсэх нь шалтгаалах аж. Угаас манай эдийн засагт Оюутолгой онцын үүрэгтэй байсан. Хөрөнгө оруулалт шуудхан хэлэхэд тулах таяг болж, уул уурхайн бүтээгдэхүүн Монголд гишгэх хөрс байв. Гэхдээ бид азтай. Ийм цагаар инфляци урьдынх шигээ байсан бол бултаараа дампуурах байсан. Арилжааны банкуудын зээл олголт “хөлдөж”, эдийн засагт эргэлдэх нийт мөнгөний хэмжээ үлэмж багасах байлаа. Цагийн байдал ороо бусгаа ч Төвбанкны итгэл үнэмшил алдраагүй байгаа нь машид сайн хэрэг. “Хадгаламж”-ийг эс тооцвол санхүүгийн зах зээл амьтайгаа аж. Ийм үед эдийн засгаа түлхээд унагах бус түшээд авах учиртайсан. Анхаарлын тэмдэгтэй эдийн засагт амьдрах эрх чөлөө олгооч.
Шигтгээ:
Монгол Улсын нүүрсний орлогоос олох валютын орлого энэ оны эхний найман сарын байдлаар 55 , зэс 40 хувиар тус тус буураад байна. Оюутолгойгоос бусад гаднын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онтой харьцуулахад 49 хувиар сөхөрч, сүүлийн 20 сарын турш Монголын эдийн засаг “дотуур цас” алдах боллоо. Өөрөөр хэлбэл, эдийн засаг гажуудаж, хөрөнгө оруулалт хөшив. 2011 онд Оюутолгойгоос бусад Монгол Улсын гаднын шууд хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр Оюутолгойгоос бусад гаднын шууд хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар буюу тав дахин агшаад байна.
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn