Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 25

Энэ өдөр төржээ

Италийн радио техник, радио бүтээгч­дийн нэг, Нобелийн шагналтан Гульельмо Маркони
(1874.04.25-1937.07.20)

Гульельмо Маркони 1874 оны дөрөвдүгээр сарын 25-нд Болонья хотод томоохон газрын эзний гэрт төржээ. Тэрээр 13 насандаа Ливорногийн тех­ник­ийн их сургуульд орон суралцлаа. Түүнд ажил хэрэгч зан араншин багаас нь тогтсон байжээ. Герц, Тесла нарын цахилгаан соронзон долгионы тухай бүтээл­тэй танилцсаны дараа тэрээр түүний тусламж­тайгаар мэдээлэл дамжуулах боломжийг сонирхож ирсэн байв. Энэ салбарт судалгаа хийж байсан Аугусто Ригийн шавь болон судалгаагаа хийж эхэлжээ. Анхны ам­жилт­­тай туршилтаараа тэр дохиог гур­ван км-ийн зайд дамжуулж чадсан байлаа. Тэрээр энэ технологио Шуудан, телег­рафын яаманд санал болгосон ч тэд хүлээн авсангүй ажээ. Тэгээд Маркони сонирх­сон хүмүүсийг олохоор Англид очив. Англид эхлээд түүнийг бас хүлээн ав­сан­гүй. Гааль дээр түүний аппаратыг эвдэл­сэн учир тэрээр төхөөрөмжөө засан сэргээхэд нэлээдгүй цаг зарцуулжээ. Дараа нь тэр түүний зохион бүтээлийг сонирхсон хүмүүс гарч ирсэн юм.

Түүний бүтээлийн үр дүн нь радиогийн салбарын шинэ нээлтүүдийн хольц байсан юм. Хүлээн авагчийн үндсээр нь тэр Поповын төхөөрөмжийг аваад түүн дээр ваакумын когерер ба дросселийн катуш­кийг нэмэрлэн сайжруулжээ. Дамжуулаг­чид нь тэрээр Ригийн төхөөрөмжийг сайжруулан ашигласан байлаа.

Маркони өөрийн бүтээлийг бүрт­гүүлж түүнээс ашиг олох болсон нь амжилт нь болжээ. Тэрээр хувь нийлүүлэгч­д­ийн нийгэмлэг байгуулан өөрийн төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвт­­рүүлж эхэлсэн байв. Маркони 1909 онд “утасгүй телеграфын хөгжилд оруул­сан хувь нэмрийн төлөө” гэсэн тодор­хойлолттойгоор Нобелийн физикийн шаг­нал авчээ. Тэрбээр сүүлийн он жилүүдээ Италид өнгөрөөн 1937 оны долдугаар сарын 20-нд нас баржээ.

Энэ өдөр таалал төгсжээ

Шведийн одон орон судлаач, нэрээр нь температурын шаталбар нэрлэгдсэн цаг уурч Андерс Цельсий
(1701.11.27-1744.04.25)

Андерс Цельсий 1701 оны арваннэг­дүгээр сарын 27-нд Упсала хотод профес­сорын гэр бүлд төрөөд Упсалагийн их сур­­гуулийг дүүргэн тэндээ нас бартлаа ажил­лажээ. Тэрээр 1716 оноос Хойд туйл­ын туяаг судалж эхэлсэн байлаа. 1733 онд анхны бүтээлээ энэ чиглэлээр нийт­­лүүлжээ. Тэрээр компасын зүүний хазайл­тыг үндэс болгон туйлын туяаны эрчим нь соронзон орны хэлбэлзлээс хамаар­даг гэж бичсэн байлаа. Тэрээр дэлхийн эллипсиод хэлбэртэй гэсэн Ньютоны онолын шалган батал­гаажуулах­аар экваторын  бүсэд аян зохион байгуулсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа мериданы хэмжилт хийхээр 1736 онд Лапландад очжээ. Буцан ирс­нийхээ дараа тэрээр их сургуулийн одон орон судлалын төвийг байгуулан ажиллаж оддын хурц гэр­лийг хэмжиж байлаа.

Цельскийн хамгийн том ололт нь 100 градуст хуваагдсан халуун хэмжигчийн шатал­­бар болсон юм. Сонирхолтой нь эх­­лээд Цельский түүндээ ус буцлалтыг 0°, цас хайлалтыг 100° гэж тэмдэглэсэн байжээ. Дараа түүнийг өөр нэг швед эрдэм­­тэн Линней “эргүүлэн” өнөөгийн бид­­ний мэдэх хэмжигдэхүүнийг гаргаж ирсэн байлаа.

Цельский 1744 онд Упсалад нас баржээ. Эрдэмтний дурсгалд зориулан зөвхөн Швед, Япон, Украинд тааралдах  ховор эрдэс бодисыг «цельзиан» гэж нэрлэсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж