
Тодруулбал, Хууль зүйн сайдын албанд унадаг “LEXUS 570” машин, аминдаа унадаг “NISSAN Murano” автомашин хоёулаа “9”-өөр төгссөн дугаартай, өөрөөр хэлбэл пүрэв гаригт дугаарын хязгаарлалттай байдаг. Харин долоо хоног бүрийн пүрэв гаригт таксигаар ажилдаа явдаг байсан сайд ганц энэ өдөр дугаарын хязгаарлалтаа мартсан гэдэг юу л бол. Яаралтай ажил гараад “ганц өдөр аз дайрах биз”, эсвэл “сайдыгаа зогсоох цагдаа таарахгүй” гэж найдаад гарсан биз. Ямар үүний төлөө бас шалгалт явуулалтай биш.
Гэвч өчигдөр мань хүнийг аз тойрч, замын цагдаа зогсоогоод үнэмлэх, бичиг баримтыг нь хураасан бололтой. Энэ тухай тэр өчигдөр өглөө “Баларсаан, бичиг баримтаа хураалгаад торгуулчихлаа” хэмээн жиргэж, торгуулийн хуудасныхаа зургийг оруулсан байв. Жолоочийн бичиг баримт хураасан тухай бичиг дээр нь “Хуулийн дагуу жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахаар бичиг баримтыг түр хураав” гэсэн байгаа.
Харин сайдын энэ жиргээний араас “Сайн цагдаа, шударга ажиллаж байна. Хуучин цагт хэзээ ийм байлаа” хэмээхийн зэрэгцээ “Х.Тэмүүжин шоудаж байна, өөрийнх нь тавьсан жүжиг. Сайдыгаа таньдаггүй цагдаа гэж хаана байсан юм”, эсхүл “Сайдыгаа таниагүй биз, эргүү цагдаа” гэх мэтээр дургүйцсэн жиргээчид ч олон байв. Ингээд хууль сахиулсан цагдаа, хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан сайд хоёр аль аль нь буруутан болж орхих нь тэр. Ялангуяа энэ явдал нэг сайдын хувийн “пиар”, зориуд зохион байгуулсан жүжиг мэтээр харагдаж, бичигдэх болсон нь бүр ч хачирхалтай.
Ер нь бол замын хөдөлгөөн санаатай санаагүй зөрчих, тэр дундаа дугаарын хязгаарлалттай өдрөө андуураад гарчих, эсвэл аргагүйн эрхэнд “аз мэдэг” гээд гарах тохиолдол хэнд ч тохиолддог зүйл. Торгуулиа төлөөд, хамгийн ойрхон байгаа зогсоолд машинаа тавиад л явдаг шүү дээ. Тэгээд ч Хууль зүйн сайдын хувьд өөрөө цагдаа нараасаа хууль сахиулахыг шаарддаг хүний хувьд “Би сайд чинь байна” гэж бааварлаад гарах “совесть” байгаагүйд буруу юу гэж. Магадгүй “Мань хүн ч намайг танихгүй л байна аа даа. Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” хэмээн дотроо жуумалзаад өнгөрсөн ч байж болно.
Харин сайдыг журамласан цагдаагийн хувьд цагдаад шинээр ажилд ороод удаагүй байсан учраас үнэнээсээ сайдыгаа таниагүй гэнэ. Тиймээс дүрэм зөрчигчид дүрэм журмыг нь сануулж хэлж өгөөд ”Үдээс хойш 14.00 цагаас хойш дүүрэг дээрээс очиж бичиг баримтаа аваарай” гэж хэлээд явуулжээ. Харин дүүрэг дээр очсон хойноо торгуулийн хуудсыг нь үзсэн дарга нар нь “Чи сайдын бичиг баримтыг хураачихсан байна шүү дээ, яадаг тэнэг вэ” гээд бөөн юм болсон нь тодорхой.
Тэгээд хашир сайдыг дүүрэг дээр дуудсан цагтаа өөрөө яаман дээр нь сайдын бичиг баримтыг аваад сандарчихсан, “уучлал гуйх гэсэн юм” хэмээн толгойгоо маажсаар ирсэн байж. Угаасаа ч уучлал гуйх шалтгаан байхгүй, тэгээд ч сайд эзгүй байсан тул яамны газрын дарга түүнтэй уулзаад “Хуулийн өмнө хүн болгон тэгш учраас сайдыг торгосонд чиний буруу байхгүй, энэ чигээрээ шударга ажиллаарай” гэж сайшаагаад явуулсан юм байж.
Ер нь бол эрүүлд гарч байгаа жирийн цагдаа нарт салбарынхаа сайдыг таньдаг байх шалтгаан байхгүй /сайд өөрөө өрөөндөө дуудаад үүрэг даалгавар өгөөгүй л бол/, гудамжинд хэв журам сахиулж яваа тэдний хувьд хүн болгон жолооч, зорчигч, иргэн гэсэн нэг л хэмжүүрт багтана шүү дээ. Таньсан байлаа ч гээд сайд ч бай, дарга цэрэг ч бай ялгаагүй дүрэм журам зөрсөн бол зохих журмын дагуу шаардлагаа тавих, хариуцлага хүлээлгэх ёстой хууль сахиулж байгаа хүний хийх ёстой ажил. Тийм болохоор салбарын сайд, эргүүлийн цагдаа хоёрын торгосон, торгуульсан явдал хууль зөрчдөг зөрчүүлдэг нөхдөд үзүүлж буй харин ч сайн жишиг гэж хэлэх байна. Тийм ч учраас сайд энэ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан биз.